Open iToim app
Эрх зүй | 2 мин уншина

Жанжин штабын даргаар томилсон Д.Даваад хошууч генерал боллоо

Жанжин штабын даргаар томилсон Д.Даваад хошууч генерал боллоо
Нийтэлсэн 2015 оны 6 сарын 18
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилуулах асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцсэн. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-д ирүүлсэн байна. Байнгын хороогоор санал хураахад оролцсон гишүүдийн 92.3 хувь нь нэр дэвшигчийг зөвшилцөх асуудлыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирсэн. Өнөөдөр гишүүд дээрх томилгоог дэмжиж ЗХЖШ-ын даргаар Д.Давааг томиллоо. Түүнд хошууч генерал цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээсэн байна.
Хошууч генерал Д.Даваа гэж хэн бэ
Д.Даваа нь 1963 онд төрсөн. 1994 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг Цэргийн ар талын команд штаб, оператив тактикийн мэргэжлээр төгсчээ. Тэрээр Монголын ардын армийн 162 дугаар ангид хүнс, хувцасны албаны даргаар ажлын гараагаа эхэлж ангийн хүнсний хангалтын тасгийн дарга, захирагчийн орлогч, ар талын дарга, Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, ар тал эрхэлсэн дэд захирал, Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж иржээ. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүнийг батлан хамгаалах салбарт 30 гаруй жил ажилласан, хуульд заасан шалгуурыг хангаж байгаа гэж үзэж энэхүү албан тушаалд томилуулахаар зөвшилцөх саналаа ирүүлсэн байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн