Дэлхийн монгол | 12 мин уншина

Ц.Дэлгэрцэцэг: Монголын гарааны бизнесүүдийг Токиод салбараа байгуулахад тусална

Ц.Дэлгэрцэцэг: Монголын гарааны бизнесүүдийг Токиод салбараа байгуулахад тусална
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 10
Дэлхийн 120 гаруй оронд салбартай, бизнес, стратеги, менежмент, IT-гийн чиглэлээр зөвлөгөө өгдөг “Accenture” компанийн Япон дахь салбарт ажилладаг монгол бүсгүй Ц.Дэлгэрцэцэгийг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буландаа урьж ярилцлаа. 
Тэрээр Японы Засгийн газрын томоохон төслүүд дээр ажиллаж, олон улсын тендерт ялалт байгуулж байсан туршлагатай нэгэн ажээ.Түүнчлэн гаднын томоохон компаниудыг Японы зах зээлд нэвтрүүлж, Токиод салбараа байгуулахад нь тусалдаг бөгөөд зургаан жилийн дотор гадаадын 500 гаруй компанид зөвлөгөө өгснөөс 50 орчим нь Токиод салбар компаниа байгуулжээ. 
Ингээд эзэмшсэн мэргэжил, карьераараа дамжуулан Монголын старт-апуудыг хөрөнгө оруулагчидтай холбож эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой Ц.Дэлгэрцэцэгтэй ярилцсанаа хүргэе.
 
-Хоёулаа таны ажил, мэргэжлийн карьерын талаар яриагаа эхлүүлье?
-Манайх бизнес, стратеги, менежмент, IT-гийн чиглэлээр зөвлөгөө өгдөг консалтингийн компани юм. Дэлхийн 120 гаруй оронд салбартай, 420 орчим мянган ажилтантай, орлогоороо дэлхийд тэргүүлдэг 500 компанид багтдаг. Орлогоороо дэлхийд тэргүүлдэг компаниудын 75 орчим хувь нь манай үйлчлүүлэгчид байдаг. Зөвхөн зөвлөгөө өгөөд зогсохгүй, IT компаниудтай нийлж шинэ үйлчилгээ бий болгох тал дээр ажилладаг. Тухайлбал, энэ оны наймдугаар сард “Apple” компанитай бизнест зориулсан утасны аппликэйшн хийхэд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан.
Харин миний хувьд компанийнхаа бизнес стратегийн зөвлөгөө өгөх хэлтэст ажилладаг. Одоогийн байдлаар Засгийн газрын болон хувийн хэвшлийн компаниудын арав гаруй төсөл дээр ажиллаад байна. Нэг төсөл дээр ажиллахад 3-6 сарын хугацаа зарцуулдаг. Төсөл бүр өөр өөр салбар, компаниудынх байдаг болохоор орчиндоо хурдан дасан зохицох, тухайн салбарын талаар сайн судлах, суралцах шаардлагатай болдог. Ажиллаж байсан төслийн маань 3-4 нь Японы Засгийн газрын дэд бүтцийн төсөл байсан.
Японы Засгийн газар 2020 он гэхэд гадаад зах зээл дээрх дэд бүтцийн тендерийн орлогоо 300 тэрбум ам.доллар болгоно гэсэн зорилт тавин ажиллаж байгаа. Тухайлбал, нэг төсөл дээр Японы компаниудаас гадаад зах зээлд өрсөлдөж ялах магадлал өндөртэй компаниудыг сонгон шалгаруулж, Бразилын Засгийн газрын тендерт оролцуулах ажлыг манай баг гүйцэтгэсэн. Энэ ажлын хүрээнд Бразилын дэд бүтцийн том, жижиг 11 мянган төслөөс технологийн үзүүлэлтээр япон компани ялах магадлалтай 20 гаруйг нь сонгож Бразилын Засгийн газартай холбогдон тус улсын зах зээлд Японы ямар технологи эрэлт хэрэгцээтэй байж чадах вэ, аль салбарт япон компани ялах боломжтой талаар судалгаа авч байлаа. Энэ төслийн хүрээнд Бразилд Японы технологийг танилцуулах уулзалт, арга хэмжээ хүртэл зохион байгуулсан. Эцэст нь Японы гурван компани Бразилын Засгийн газрын тендерт ялж 56 сая ам.долларын гэрээ хийхээр болсон.
-Таны хувьд одоо ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
-Одоо Токио хотын захиргааны захиалгатай төсөл дээр ажиллаж байна. Токио хотын дэлхийн тавцан дахь байр суурийг бэхжүүлэх, өндөр хөгжилтэй хот хэвээр нь байлгахад чиглэсэн төсөл юм. Энэ зорилтдоо хүрэхийн тулд гадаадын өндөр технологитой, өсөх ирээдүйтэй компаниудыг Японы зах зээлд нэвтрүүлж, Токиод салбараа байгуулахад нь туслах зорилготой. Энэ төслийн хүрээнд зургаан жилийн дотор гадаадын 500 гаруй компанид зөвлөгөө өгснөөс 50 орчим компани нь Токиод салбараа байгуулаад байна.
Одоогоор миний хариуцаж байгаа компани нь эмнэлгийн шинжилгээнд ашигладаг цээжний “CT scan”, “X-Ray” зургийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинжилж, уушгины өвчнийг тогтоодог Хятадын нэг старт-ап байгаа юм. Энэ компани шинээр байгуулагдаад удаагүй ч технологи нь Хятадын томоохон 40 гаруй эмнэлэгт ашиглaад эхэлчисэн, зах зээлд нэлээд эрэлттэй байгаа юм. Oдoo энэхүү компанийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд оруулж ирэхээр ажиллаж, япон компанитиай бизнесийн түншлэл хийх хэлэлцээрийн шатанд явж байна.
-Ер нь технологийн компаниудын хувьд гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, хөрөнгө оруулагчдыг татаж, тендерт ялахад хамгийн чухал нь юу байдаг вэ. Ямар шалгуур, шаардлагыг хангасан байх ёстой байдаг вэ. Монголын гарааны бизнесүүд юун дээр анхаарах хэрэгтэй байна вэ?
-Мэдээж үүнд нөлөөлөх олон зүйл бий. Гэхдээ үүнээс хамгийн гол гэсэн гурван зүйлийг онцолмоор байна.
Нэгдүгээрт, тухайн бүтээгдэхүүн үнэхээр ямар нэгэн асуудлыг шийдэхүйц далайцтай, үр ашигтай байж чадах уу гэдэг нь хамгийн чухал. Үүний тулд бизнес эрхлэгчдийн хувьд нэн тэргүүний зорилго нь мөнгө биш, хүн (хэрэглэгч) байх ёстой. Сая дурдсан Хятадын IT компанийн захирлаас яагаад энэ бизнесийг эхлүүлэх болсон талаар асуухад “Уушгины хорт хавдрыг эхний үед нь илрүүлэх юм бол таваас дээш жил амьдрах магадлал 90-ээс дээш хувь болдог. Харин эхний үе шатыг өнгөрүүлчих юм бол энэ магадлал 50 хувь болж буурна. 3 мм-ээс жижиг хавдрын шинж тэмдгийг эмчийн нүдээр олж тогтооход хэцүү, харин хиймэл оюун ухааны тусламжтайгаар үүнийг шийдэж болох юм байна гэж бодсон. Авга ах маань уушгины хорт хавдраар нас барсан юм. Тийм учраас энэ салбарт өөрийн хувь нэмрээ оруулж олон хүнд тус хүргэхийг хүссэн” гэж ярьсан.
Эхний ээлжинд тухайн бизнес мөнгө олохгүй байсан ч бизнесээ эхлүүлэх шалтгаан нь хүн байсан болохоор тодорхой хугацаанд мөнгө олохгүй байсан ч бизнесээ зогсоолгүй үргэлжлүүлж, урт хугацаанд ашиг олох боломжтой. Гол нь анхнаасаа бизнес моделио сайн тооцох нь зүйтэй. Бизнес эрхлэгчдийн алсын хараа маш чухал байдаг.
Хоёрдугаарт, старт-ап компаниуд үүсч, хөгжихөд таатай орчин их чухал. Монголд олон улсын зах зээлд өрсөлдөх хэмжээний технологийн компаниуд гарч ирж байна. Мөн монгол хүн потенциалаараа Азид, бүр цаашлаад дэлхийн зах зээлд гологдохгүй. Гэхдээ төрөөс хүнээ, хувийн хэвшлийн компаниудаа дэмжиж байгаа нь маш бага, идэвх нь маш сул харагддаг.
Тиймээс хувийн хэвшлийнхэн маань төрдөө найдаад, дэмжиж туслахыг хүлээлгүйгээр санаачлагыг гартаа авч, нийгэмд тулгамдсан асуудлуудыг технологиор хэрхэн шийдэж болох вэ гэдэг талаас нь асуудлыг харвал илүү дээр болох болов уу санагддаг.
Гадаадын зах зээлд гарах юм бол тухайн орны Засгийн газрын төсөл, санхүүгийн хөнгөлөлт эдлэх боломжууд байна. Дээр нь хувийн хэвшилд ч бас, том компаниуд хөрөнгө оруулагчид старт-апуудад зөвлөгөө өгч, зааж чиглүүлэх, хөрөнгө оруулах зорилготой хурдасгуур программууд их болсон.Airbnb, Dropbox зэрэг компаниуд амжилтад хүрэхэд ийм хурдасгуур программуудын үүрэг багагүй байсан.
Гуравт, гэр бүлийн бизнес буюу компанийггэр бүлээрээ удирдаж, чухал албан тушаалуудад гэр бүл, ураг төрлийн холбоотой хүнээ ажиллуулах нь тухайн компанийн амжилтад сөргөөр нөлөөлөх тал бий. Хөгжиж буй орнуудад ийм төрлийн компани олон байдаг. Гэр бүлийн хүмүүс нь чухал албан тушаалд суучихаар ажлын гүйцэтгэл тааруу байсан шаардлага тавьж чадахгүй, халж ч чадахгүй байдал үүсдэг. Үүнээс болж компанийн үйл ажиллагаа доголдох байдал ажиглагддаг. Компанийн ирээдүйг нэгдүгээрт тавьж байгаа бол гэр бүлийн харилцаагаа тусад нь авч үзэх хэрэгтэй.
Олон улсын зах зээл дээр ч гэр бүлийн бизнесийн харилцааны сөрөг талууд ажиглагддаг. Зөвхөн гарааны бизнес, технологийн салбар биш, банк санхүүгийн салбарт ч гэр бүлийн эзэмшилтэй бизнесээс болж үүсдэг сөрөг үр дагаврууд олон байдаг. Тухайлбал, магистрын судалгааны маань үр дүнд Малайз, Филиппин, Индонез, Тайвань зэрэг хөгжиж буй орны гэр бүлийн эзэмшилтэй корпорациуд групп компанийнхаа сүлжээ банкуудаас зээл авч, удаан хугацааны хамтын ажиллагаа байгуулж чаддаг ч тухайн компаниудад банкаас маш муу хяналт тавьдаг, бизнесийн боломж маш бага үед ч их хэмжээний үр ашиггүй зээл олгодог нь харагдсан. Гэр, бүл ураг төрлийн холбооноос болоод банкны зээл зорилтот бүлгийн, очих ёстой хүнд хүрэхгүй байна гэсэн үг. Энэ нь удаан хугацаанд үргэлжлэх юм бол тухайн банк дампуурах, хэдхэн гэр бүлийн гарт тухайн улсын хөрөнгө мөнгө төвлөрөх зэрэг эрсдэлүүдтэй.
-Олон улсын зах зээл дээр амжилттай ажиллаж яваа залуу хүний хувьд үлгэр дууриал авч явдаг хүн байдаг байх. Таны хувьд тэр хүн хэн бэ?
undefined
-Аав, ээжээсээ сурсан зүйл их. Тэд маань хоёулаа цахилгаан холбооны инженер мэргэжилтэй. Миний аав одоо 60 нас хүрэх гэж байгаа ч өдөр бүр таван км гүйдэг дадалтай их спортлог хүн.Одоо охиныг маань харахад туслаад Японд надтай хамт байгаа. Аав маань туслаагүй бол ажлынхаа хажуугаар олон зүйл амжуулж чадахгүй л байсан болов уу.
Ажлын хувьд үлгэр дууриал авдаг хүмүүс олон бий. Тэднээс тодорхой төсөл дээр хамтран ажиллаж байсан манай нэг дарга бий. Тэр хүнтэй тогтмол уулзаж ажил мэргэжлийн талаар зөвлөгөө авдаг. Ажил, хүүхэд гэсээр өдөр хоногууд завгүй өнгөрөх тусам ирээдүйн зорилгоо гээгдүүлэх, умартах үе бий. Тэр болгонд тэр mentor-тойгоо уулзаж номын дуу сонсдог доо.
-Танд амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөөг хэн өгсөн бэ?
-Бага байхад ээж минь хүний хөгжилд хөдөлмөр ямар чухал болох тухай их ярьдаг байсан. Өөрөө л хичээвэл боломж хэзээд байдаг гэж боддог. Боломж хүн бүрт ижил тохиодог, харин түүнийг оролдож үзсэн, үгүйд л амжилтын нууц оршдог гэж боддог.
Мөн оюутан байхдаа зуны амралтаараа Энэтхэгт сар гаруй иог, бясалгал хийж байлаа. Тэр үед Sri Sri Ravi Shankart-тай уулзах боломж олдсон юм. Над руу дулаахан инээмсэглээд “Та аз жаргалтай байна уу” гэж асууж байсан. Би ч тэр үед “тийм ээ” гээд баяртайгаар хариулсан ч, дараа нь бодох нь ээ өдөр бүр энэ асуултыг өөртөө тавих ёстойг ухаарсан. Өнгөрсөндөө харамсахгүй, ирээдүйд санаа зовохгүй яг л өнөөдөр миний амьдралын сүүлийн өдөр юм шиг өнгөрүүлэх хэрэгтэй гэж бодогдсон.
-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга тань юу вэ?
-Хүүхэдтэй болсноос хойш ямар ч их ажилтай байсан орой 6 цагт ажлаа дуусгахгүй бол болохгүй болсон. Илүү бага цагт үр дүнтэй ажиллах хамгийн энгийн зарчим бол төлөвлөгөө гаргаж, хамтрагчидтайгаа үр дүнтэй харилцаатай байх нь чухал. Ямар нэгэн ажлыг эхлэхээс өмнө ямар үр дүнд хүрэхээ үйлчлүүлэгч, хамтран ажиллах хүмүүстэйгээ ярилцаж тодорхой болгож, ажлын төлөвлөгөөгөө аль болох тодорхой гаргадаг. Ингэсний дараа хийж гүйцэтгэх явцдаа ажлын явц сайн, муу байгаагаас үл харгалзан цаг алдалгүй тайлагнаж, туршлагатай хүмүүсээс тухай бүр зөвлөгөө авахыг хичээдэг. Асууж, зөвлөхгүйгээр өөрөө шийдээд хийх үед алдаа гарах, дутуу хийх, цагтаа амжихгүй байх зэрэг эрсдэл ихэсдэг.
-Мэргэжлийн ажлаас гадна яг одоо та юунд төвлөрч, ажиллаж байна вэ?
-Танай ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН булангийн зочноор оролцож байсан “Мицүи” корпорацид ажилладаг Б.Тэгшбаяр (Тэгшээ), Австралийн Сиднейд Bank of America Merrill Lynch-d ажилладаг O.Батнайрамдал (Наагий) гээд хоёр найзтайгаа хамтран, энэ оны эхээр “сонсдог ном Unlock” подкастыг үүсгэн байгуулсан. Уншихыг хүссэн ном олон байдаг ч тэр бүр уншиж амждаггүй шүү дээ. Өөрсөдтэйгөө адилхан тийм хүмүүст зориулан сүүлийн жилүүдэд олон улсад бэстсэллэр болж байгаа голчлон бизнесийн болоод сэтгэл судлалын номнуудыг ярьж өгдөг богино хэмжээний радио нэвтрүүлгүүд гэж хэлж болно. Зочинтой хийсэн дугааруудаа оролцуулаад бид 3 одоогоор 21 дугаар гаргачихсан байна. Хамгийн сүүлд гаргасан дугаарт Тэгшээ Наагий 2 маань Нобелийн шагналт эдийн засагчийн бичсэн "The Nudge" номыг ярьсан. Бидний сэтгэл зүй нь алхам дутамдаа гаргаж буй шийдвэрүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар амьдралд ойрхон жишээнүүд дээр тайлбарласан байгаа. Үүнийг ойлгосноор, хувь хүмүүс болон, компани,төрийн байгууллагууд ялимгүй өөрчлөлтийг хийгээд л өөрсдийн сонголтыг сайжруулах боломжтой тухай энэхүү номонд гардаг. Тэрний өмнөх дугаарт Тэгшээ бид 2 шинэ дижитал эрин үеийн гол чиг хандлагуудын талаар бичсэн “Machine, Platform and Crowd” нэртэй номын талаар ярьсан.
Энэ номын хэсгээс цухас дурдвал, орчин үед хиймэл оюун ухаан хүнээс илүү сайн шийдвэр гаргаж, тэр бүү хэл шинэ санаа гаргадаг болж байна. Ирээдүйд хүн хиймэл оюун ухаанаар тоноглогдсон машинуудад ажлаа алдахгүйн тулд, сайн шийдвэр гаргах бус харин хүний амьдралын ээдрээтэй асуудлуудыг яаж ойлгож шийдлийг дэвшүүлдэг байх вэ, машины гаргасан шийдвэрийг хүмүүст ойлгуулж, хүнтэй харилцах чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг хамгийн чухал чадвар болно.
Мөн подкастаас гадна Хитоцүбаши их сургуулийн доктор Ариунтуяа эгчийн санаачлагаар Японд ажиллаж, амьдарч байгаа 20 гаруй залуус хамтран эссений талаар ном бичиж байгаа юм. Миний хувьд “Монгол эмэгтэйчүүдийн ажлын амжилтад та бидний оруулах хувь нэмэр” гэсэн сэдвээр нийтлэл бичиж байгаа юм. Эмэгтэйчүүд лидер болсноор, тэдний ажлын амжилт компанийн ашиг орлогыг нэмэгдүүлдэг тухай Харвардын их сургуулиас гаргасан судалгаа байдаг. Эмэгтэй удирдлагатай компаниудын хувьцааны ашиг орлого эрэгтэй удирдагчийнхаас илүү байдаг тухай судалгаа. Үүнийг эмэгтэй хүн харилцагч, хамтрагчийнхаа арга эвийг олохдоо маш сайн байдаг гэж тайлбарласан байдаг. Credit Suisse Банк дэлхийн томоохон 2360 компанийн 2005 оноос 2012 оны хоорондох хувьцааны үзүүлэлтийг судалж үзээд, удирдах зөвлөлдөө эмэгтэй гишүүнтэй компанийн зах зээл дээрх үнэлгээ нэг ч эмэгтэй гишүүнгүй компанитай харьцуулахад 26 хувиар өндөр байсныг тогтоосон байдаг.
Миний хувьд энэ судалгаан дээр тулгуурлан эмэгтэй хүн, тэр дундаа монгол эмэгтэйчүүд карьераа хөөгөөд лидер болоход юу хэрэгтэй талаарх гаргалгаануудыг бичсэн. Мөн япон, монгол эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалыг харьцуулсан. Японы Ерөнхий Сайд Абэ Шинзо дунд төвшинд эмэгтэй удирдах албан тушаалтны эзлэх жинг 2010 оны 10.6 хувиас 2020 он гэхэд 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавиад байгаа. Гэтэл Монголд эмэгтэйчүүд аль хэдийнээ удирдах албан тушаалын 30 хувийг эзэлсэн судалгаа байдаг. Энэ ном маань ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд хэвлэгдсэн байх болов уу.
-Сонирхолтой нийтлэл бичиж байгаа юм байна. Нийтлэлдээ онцолсон сонирхолтой санаанаас дурдахгүй юу?
-Эмэгтэйчүүд карьераа өсгөж, амжилттай ажиллахад нийгэм болон гэр бүл гээд олон талын дэмжлэг хэрэгтэй. Монгол эрэгтэйчүүд өдөрт дунджаар 1.6 цагийг л ар гэрийн ажил, үр хүүхдэдээ зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад нэлээн доогуур үзүүлэлт юм. Бид өөрсдөө ч анзааралгүйгээр эмэгтэй хүн гэр орон, хүүхэд өсгөх ихэнх ажлыг нуруундаа үүрэх ёстой мэтээр ойлгож, эмэгтэйчүүд маань ч дор бүрнээ ажил, гэр бүлээ амжуулаад л явдаг. Гэхдээ ирээдүйд охидуудаа өөрсдөөсөө илүү аз жаргалтай, ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй хүн болгож, хөвгүүдээ сайн нөхөр болгон өсгөе гэвэл одооноос эмэгтэйчүүдийн ачааллыг хэрхэн хөнгөвчлөх вэ гэж бодож эхлэх хэрэгтэй. 
Түүнчлэн, охин хүүхдийг багаас нь эрэгтэй хүүхдээс илүү аливаад болгоомжлуулах, эрсдэлтэй тоглоомноос хол байлгах гээд байдаг маань эсрэгээрээ ямарваа шинэ сорилтод хүүхэд өөрийгөө туршъя гэж бодохоос өмнө айх дадлыг бий болгож, улмаар өөртөө итгэх итгэлийг бууруулдаг талаар Америкийн анхны эмэгтэй гал хамгаалагчдын нэг Каролайн Пол TED talk-ийн илтгэл болон The Gutsy Girl буюу зоригтой охид гээд номондоо тайлбарласан байдаг.
-Та энэ амжилтад хүрэх хүртлээ ямар эрсдэлийг туулж, ямар шийдвэрүүдтэй нүүр тулж байсан бэ. Амьдралдаа авч байсан сургамж, бүтэлгүйтлийн талаар хуваалцахгүй юу?
-10 жилд байхдаа бүх хичээлдээ сайн байх гэж их хичээдэг байлаа. Одоо бодоход дүнг хэт чухалчлаад өөрийнхөө юунд дуртай, сонирхолтой вэ гэдгээ мартчихдаг байсан юм шиг. Амжилтад хүрсэн хүмүүсийн намтар уншиж байхад бага байхаасаа дуртай хэдэн хичээлдээ бүх цаг заваа зарцуулдаг байсан хүмүүс олон. Одоо охиндоо аль болох дуртай сонирхсон зүйлдээ төвлөрч тэрнээсээ баяр баясгаланг мэдэрдэг орчин нөхцөлийг бүрдүүлэхийг хичээж байгаа.
-Та өөрийнхөө энэ карьераар дамжуулан Монголдоо ямар хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа вэ. Ер нь цаашдаа Монголдоо ирж ажиллах уу?
-Монголдоо очиж нийгэм, хойч үедээ үлдээх, өөрийн чадах зүйлийг хийнэ гэж бодож байна. Одоо ажиллаж байгаа төслийнхөө хүрээнд Монголын старт-аппуудтай холбогдож эхэлсэн. Монголын гарааны бизнесүүдийг японы зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад, Токиод салбараа байгуулахад тусална гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ирээдүйд энэ чиглэлээр Монголд ажиллахаар төлөвлөж байна. 
-Эцэст нь таны зүгээс залуучуудад юу захиж хэлэх вэ?
-Хэн нэгэнд үнэлэгдье гэхээсээ өмнө, өөрийгөө ойлгож, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг байх хэрэгтэй. Өөрийнхөө юу хийж чадах, бас чадахгүйг хийж, туршиж үзээгүй мөртлөө өөртөө хязгаар тавих нь хамгийн харамсалтай санагддаг. Өнөөгийн дэлхий ертөнц бидэнд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өөрийгөө хөгжүүлэх, ажиллах сурах боломжуудыг бий болгож байна. Бидний 20-иод насны хичээл зүтгэл 30 насанд хэн байхыг, 30 насны хөдөлмөр зүтгэл 40 наснаас хойш хэн байхыг тодорхойлох чухал үе мөчүүд шүү дээ. Үүнийг л алдаж болохгүй.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн