Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

​Д.Басандорж: Туул голыг бүрэн цэвэрлэх технологийг 2012 онд нэвтрүүлчихсэн

​Д.Басандорж: Туул голыг бүрэн цэвэрлэх технологийг 2012 онд нэвтрүүлчихсэн
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 16
Дэлхий нийтэд бохир усыг бүрэн цэвэршүүлж, дахин ашигладаг. Харин Монгол Улсын хувьд эсрэгээрээ буюу бохир усыг тэр чигт нь хаягдал болгон үлдээдэг. Тодруулбал, Манай улс жилдээ 500-600 сая шоо метр цэвэр ус ашиглаж, 470 сая шоо метр бохир усыг гаргадаг ч бүрэн цэвэршүүлдэггүйгээс дахин ашиглаж чаддаггүй байна. Харин дэлхий нийтэд бохир усыг механизм биологийн, биотехнологийн, нанотехнологийн, мембран технологийн аргаар бохироос салгаж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй болтол цэвэрлэх өндөр нано технологиудыг нэвтрүүлж байгаа аж. Энэхүү шинэ технологийг Монгол орны нөхцөлд туршин нэвтрүүлж, нутагшуулах ажлыг 2012 оноос тасралгүй хийсэн байна. Тиймээс “Дэлхийн усны өдөр”-ийг угтаж хаягдал, бохир усыг дахин боловсруулах технологийн талаар БОАЖЯ, БХБЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм. Тухайлбал, “Хөвсгөл” нэртэй бохир ус цэвэршүүлэх технологийг манай нөхцөлд тохируулан нутагшуулж чадсан гэв. Мөн 2016 онд Гацуурт тосгонд хоногт 25 шоо метр бохир усыг бүрэн цэвэршүүлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулаад байгаа аж. Цэвэршүүлэх технологийн талаар Байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор Д.Басандоржтой цөөн хором ярилцлаа.
-Бохир усыг бүрэн цэвэршүүлэх технологийг нэвтрүүлж, Гацуурт тосгонд хоногт 25 шоо метр бохир усыг бүрэн цэвэршүүлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?
-2020 онд дэлхийн хүн ам 8 тэрбум болж, дэлхийн цэвэр усны нөөц дуусна гэсэн тооцоо судалгаа байдаг. Усны нөөц дуусч, гачигдалд орно гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл. Бохир ус бол ашиглагдаагүй усны нөөц юм. Ямар бохир усыг цэвэр ус болгон цэвэршүүлэх технологийг дэлхий нийтээр ашиглаж байна. Тиймээс бид 2012 оноос ямар ч бохир усыг цэвэрлэх боломжтой технологийг гадаадын эрдэмтэдтэй хамтран Монголд нэвтрүүлсэн. Тэр технологио ашиглан өнгөрсөн онд Гацуурт тосгонд хоногт 25 шоо метр бохир усыг бүрэн цэвэршүүлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулаад байна. Хамгийн цэвэр усыг гаргаж авна гэсэн зорилттойгоор технологио "Хөвсгөл" гэж нэрлэсэн. 
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны доголдлоос үүдэн Туул голын бохирдол хэрээс хэтрээд байгаа. Танай цэвэрлэх төхөөрөмж Туул голын усыг цэвэрлэх боломжтой юу?
-Монголчууд Байгаль нуурыг буюу дэлхийн цэвэр усны нөөцийг бохирдуулсан хэрэгт холбогдох хэмжээнд хүрээд байна. Бидний төрөөхөмж Туул голыг ч бүрэн цэвэршүүлэх боломжтой. Үүнийгээ 2012 онд туршилт хийж харуулсан. Гэвч харамсалтай нь өнөөг хүртэл бидний төхөөрөмжийг ашиглаагүй байна. Шинэ цэвэрлэх байгууламж барина гэж байна. Гэтэл 3-4 жилийн Туул гол бохир хэвээр байсаар байх уу. Одоо урин дулааны цаг эхэлж байна. Дахиад л өмхий үнэртэж эхэлнэ.
-Гаднаас цэвэршүүлэх төхөөрөмж нэвтрүүлэхээр хэтэрхий өндөр үнэтэй гэх шүүмжлэл бас дагуулдаг тал бий?
-Усаа бохироос цэвэрлээд ашиглаж байгаа бол татвараас хөнгөлөх, гаднаас төхөөрөмж оруулж ирж байгаа бол гаалийн татвараас чөлөөлөх,усаа бохирдуулсан бол тэр хэмжээгээрээ торгоно гэхчлэн зохицуулалтыг төрөөс хийгээд өгчих хэрэгтэй. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн