Улс төр | 3 мин уншина

​О.Баасанхүү: Би хөөтөл нь МАХН-аас гарахгүй

​О.Баасанхүү: Би хөөтөл нь МАХН-аас  гарахгүй
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 14

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг тус намын эмэгтэйчүүдийн байгууллагаас МАХН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн талаар мэдээлэл гараад байгаа билээ. О.Баасанхүү гишүүнийг МАХН-ын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлсэн талаар тус намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн анхлан мэдээлсэн юм. Тэрээр “МАХН-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын гишүүнээс албан ёсоор хасахаар шийдвэрлэсэн. Нэг бохир хог намаас хөөгдөж, нам дотор цэвэр агаартай боллоо. Октябрь овогтой Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш болсон шүү” гэжээ. Ч.Долгорсүрэн нь МАХН-ын дарга Н.Энхбаярын худ юм байна.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн сошиал хаягаараа дамжуулан намаасаа гарах, эсэх асуултад хариулт өглөө.

Тэрээр “Улс төрийн нам болон олон нийтийн төлөөх төрийн бус байгууллага. Улс төрийн намыг хамтын шийдвэртэй байлгах ёстой. Хариуцлагатай, ёс зүйтэй байлгах ёстой. Харамсалтай нь, үүнийг ярихаар намын эсрэг үзэлтэн болчихдог юм байна. Ялангуяа намын даргын эсрэг үзэлтэн болдог юм. МАХН-ыг янз бүрийн намаас гарсан төлөөллүүд байгуулсан байдаг. Нөгөө талд Н.Энхбаяр гуайг хайрласан хүмүүс, энэ хүнийг хэлмэгдүүлчих вий, алчих вий, шударга байгааг нь болиулчих вий гэсэн хүмүүсийн цугларал бүрдсэн. Гуравт нь, иргэний хөдлөгөөнийхөн багтсан. Жагсаал цуглаан хийдэг Түвдэнбалжир мэтийн хүмүүс багтдаг. Дөрөвт нь хуучин нэрээр явах сонирхолтой хэсэг гишүүд багтсан. Энэ дөрвөн бүлэг хүмүүс өнөөдөр МАХН-ыг байгуулж байгаа. Гэхдээ өнөөдөр энэ намыг шинэчлэх ёстой. Наймдугаар сарын 22-ны өдөр намын бага чуулганы гишүүдээ дуудаж МАН, АН-ынхны хуйвалдаанаар хийгдэх гэж байгаа Үндсэн хуулийн 30 гаруй өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө. Харин манай намынхан гэж яриад байгаа хэсэг хүмүүс орон нутгаар явж байгаа сурагтай. Тавдугаар Үндсэн хууль бичсэн, тэрийг хэлэлцүүлж батлуулна гэж яриад яваа. Үнэндээ УИХ-д ганц суудалтай нам яаж Үндсэн хууль батлуулах вий дээ.

Миний бие хэрвээ шаардлагатай хэрэгтэй гэвэл байгаа бүх боломжтоо улстөрд зориулаад явна. Түүнд гомдлох зүйл байхгүй. Магадгүй ард түмэн тэр дундаа Эрдэнэтүүд "та одоо хэрэггүй ээ" гэвэл би явна. Түүнээс биш өөр хүн намайг явуулж чадахгүй. Уравч урвагчаа таньдаг гэдэг үг байдаг. Үзэл бодлоосоо урвах, хамт олноосоо урвах, өөр үзэл бодлыг төлөвшүүлэх гээд  явах нь ялгаатай шүү. Би МАХН-аас хөөн хөөтөл нь гарахгүй. Харин МАХН-ыг өөрчилж, шинэчилнэ, цоо шинэ үзэл баримтлалаар явуулна. Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө явуулна. Надад 2012-2016 он хүртэл идэж уусан, луйвардсан зүйл байгаа бол ард түмнээсээ уулчлалт гуйна. Түүнээс бус намын даргаа хайрлаагүй, намын даргадаа өр төлөх ёстой мэтээр зарим хүн ярьдаг. Би Н.Энхбаяр даргын өмгөөлөгч байсан. Н.Энхбаярыг 11 хоног өлсгөлөн зарлаж байхад  амийг нь авраач гээд Женко Баттулгаас гуйж байсан.  Элбэгдоржид хэлээд өгөөч гэж гуйгаад эмнэлэг руу аваад явж байсан. Өлсгөлөн зарлаж байхад нь бүх зүйлийг ил тодоор нээлттэй харуулж байсан. Шоронд байхад нь хамгийн олон очсон нь би. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэхэд нь бүх талаар дэмжиж ажилласан. Тэгэхээр өнөөдөр хэнээс, юунаас урвасан болж таарав аа. Намаа шинэчилье, сайжруулъя гэхээр урвалт болдог юм уу. Н.Энхбаярт таалагдахгүй зүйл ярихаар урвалт болдог юм уу. Улс төрийн нам бол лидер бус үзэл баримтлалд суурилсан байх ёстой. Цаашид МАХН гурван зүйлд анхаарах ёстой. Нэгд, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн яаж хийх, эс хийх талаар бид ярилцах ёстой. Хов живээ хойш тавь. Хоёрт, бүтэц зохион байгуулалтдаа анхаарах хэрэгтэй. Гаднаас цус сэлбэлт оруулъя. Гуравт, улс орон төр засгийг шүүмжлэхдээ арга замыг нь хамт ярьж байя. ” гэлээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн