Биеэсээ ахадсан цүнхтэй бяцхан зургаан настнууд айх, гайхах, инээх, уйлахыг зэрэгцүүлэн шинэ хичээлийн жилээ эхлүүллээ.
Эцэг эхчүүддээ зориулан хүүхдээ номд дуртай болгох, хурдан уншуулж сургах арга, эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдааны талаар "Монсудар” хэвлэлийн газрын Сурах, сургах хэрэглэгдэхүүний Дидо редакцийн эрхлэгч Г.Ариунцэцэгтэй ярилцлаа.
Тэрээр "Цэцэрлэгээс сургуульд орж буй хүүхдүүд сурах, ялангуяа уншиж сурах маш өрнүүн хүсэлтэй байдаг. Харин хичээл, багш, эцэг эхийн хандлага зэрэг олон хүчин зүйлээс хамаарч хоёрдугаар ангиасаа унших дургүй, хичээл сургуульд дургүй болох хандлага гардаг нь сурахуйн сэтгэл судлалын олон судалгаагаар батлагдсан байдаг. Энэ нь хүүхдийг чадахгүй байхад нь зэмлэсэн, хийх ёстой гэж дүрэмдэж тулгасантай холбоотой" гэснээр бидний яриа эхэлсэн юм.
-Дөнгөж уншиж сурч байгаа балчир амьтдыг загнаад байвал сурах хүсэл эрмэлзэлгүй болно. Харин магтаад байвал сайн сурах талтай ч хэт их магтах нь тийм ч үр дүнтэй биш гэдэг. Энэ хоёр асуултын дунд будилдаг эцэг эхчүүд олон бий шүү?
-Хүүхдэд аливааг сургахдаа магтаал, зэмлэл хоёрыг маш сайн тааруулах хэрэгтэй байдаг. Загнаж, зэмлэж болохгүй гээд ухаантай, мундаг гээд хэт их магтаж бас болохгүй. Илүү сайн хийж чадах хүүхдийг мундаг, ухаантай, сайн гээд магтаад байх юм бол тухайн хүүхэд би бүхнийг чадна гэсэн үзэлтэй болж, өөрийгөө дайчлахаа больж эхэлдэг. Еврей ээж нарын хүүхдээ сургадаг нэг ухаан бий. Тэд хүүхдээ мундаг, ухаантай гэж хэзээ ч магтахгүй. Харин үнэхээр хичээсэн байна. Сайн хичээл, зүтгэл гаргасан болохоор л энэ зүйлийг ингэж сайн хийсэн байна шүү дээ гэхчлэн хичээл зүтгэлийг нь урамшуулан магтдаг байгаа юм. Нэг үгээр хэлбэл, тухайн хүүхдийг өөрийг нь бус, хийсэн зүйлийг нь урамшуулж магтах нь хүүхдэд цаашдаа илүү сайн хичээх, өөрийгөө дайлчах хүсэл эрмэлзэлд хөтөлдөг байна.
Уншиж сурч байхад нь маш жижигхэн амжилт байсан ч магт!
Хүүхэд нэг үгийг уншиж чадахгүй бол аяархан шивнээд хэлчих.
Эсвэл дохио, гар хөлийн хөдөлгөөн, дуу чимээгээр шпи өг.
Хэт удаан уншиж, гацаж түгдэрч байсан ч дундуур нь бүү ор.
Хүүхдээ бусад хүүхдүүдтэй бүү харьцуул. Хүүхэд бүр өөрийн цаг хугацаатай байдаг.
Та уншиж сурахад туслах, сонирхолтой, харилцан уншиж болохуйц номууд ав.
Тэднийгээ хүүхэдтэйгээ ээлжилж унш.
Уншсан зүйлээ шалгаж асуулгүйгээр зүгээр л сэтгэгдлээ хуваалцаарай.
-Уншиж сурахын тулд бяцхан багачууд, аав ээжүүдийн хооронд том "дайн" болдог шүү дээ. Хурдан хугацаанд сайн уншиж сургах ямар аргууд байна вэ. Дөнгөж уншиж сурч буй хүүхэд гацах, түгдрэх гээд асуудал олон гарна?
-Уншиж сурч буй хүүхдийг сайн сургах хэд, хэдэн энгийн аргыг эцэг, эхчүүддээ зөвлөмөөр байна.
Нэг. Идэвхтэй уншуулах сургах тоглоомын арга. Уншиж сурч буй хүүхдэд үсгийг маани, мэгзэм мэт цээжлэх хүнд даалгавар. Харин тэдэнтэй үсгээр тоглох нь зугаатай бөгөөд үсгээ нүдлэхэд тусална. Толгоомын аргаар маш идэвхтэй хурдан уншиж сурдаг.
Жижиг дөрвөлжин цааснууд дээр нэг богино үгийг үсэг бүрээр нь бичээд, картуудаа хольж доош харуулна. Дараа нь нэг нэгээр нь дээш харуулж, үсгийг уншаад үг болгож нийлүүлнэ.
Картан дээр үдээс, нийлүүлж эрчилсэн утсаар үсгүүд хийгээд нүдээ аньж тэмтэрч тааж болно.
Бие биеийнхээ нуруун дээр үсэг бичиж тааж тоглоход бас зугаатай.
Мөн бүтэн гар, мөрний хөдөлгөөнөөр эсвэл хоёр гараа хавсарч байгаад агаар дээр үсэг бичиж таалцаж болно.
Гурав. Шоо хаях арга. Картны нэг тал дээр 1-6-ийн тоо, нөгөө тал дээр товч, богино даалгавар бичнэ. Шоо хаяж буусан тоон дээр бичсэнийг уншиж, хөдөлгөөн хийнэ. Зарим нь азгүй, даалгаваргүй карт байна. Картууд дуусахад хэн хамгийн олон карт цуглуулсан нь хожно.
Дөрөв. Үсэг дээгүүр үсрэх. Дээс, дезин, олс зэргээр шалан дээр, газар үсэг бүтээнэ. Хүүхэд түүнийг дагаж үсэрч тоглоно.
Тав. Эхлээд би жаахан уншаад, дараа нь чи ...
Дасгал сургууль хийж байж аварга болно. Уншиж байж л уншиж сурна. Уншина гэдэг зөвхөн үсэг тайлж уншихыг хэлэхгүй, уншсанаа ойлгодог бол уншиж чаддаг хэмээнэ.
Уншиж сурч буй хүүхдүүдтэй эцэг эх нь хамтдаа, хослон уншиж, уншсанаа ярилцсанаар хүүхэд унших сонирхолтой болж, уншсанаа ойлгодог болно.
Уншиж сурч байгаа гээд дандаа хүүхдээрээ уншуулж болохгүй. Заримдаа өөрөө уншиж өгч, уншсан зүйлийнхээ тухай ярьж өгч байгаарай. Дараа нь хүүхэд тань танд уншиж өгч, та уншсан зүйлийг нь нэгтгэж ярих хэрэгтэй. Хүүхэд тань хамтарч ярилцаж чадаж байвал сайн хэрэг. Гэхдээ 1-2 дугаар ангийн сурагчдыг уншсанаа ойлгож байна гэж бүү бод. "Эхлээд би жаахан, дараа нь чи...." гэх зарчмаар уншиж сурч буй хүүхдэд зориулсан номуудыг хүүхэдтэйгээ ээлжилж унших хэрэгтэй.
-Аав ээж нь хүүхдээ “чи хийхгүй бол болохгүй, хийх ёстой” гэх зэргээр дүрэмдээд байвал улам хүчилж дургүй болдог гэлээ. Хүүхдээ хэрхэн номд дуртай болгох вэ?
-Хүүхдээ номд дуртай болгох гурван аргын талаар яръя.
Нэгдүгээрт, эцэг эхийн үлгэр дууриал буюу хажууд нь ном унших хамгийн чухал нөлөөтэй байдаг.
Хоёрдугаарт, хүүхдийн орчин тойронд ном байх нь хамгийн чухал. Үнэтэй тоглоомын оронд ном авч өгөх хэрэгтэй.
Гуравдугаарт, хүссэн сонирхолтой номыг нь авч өгөх хэрэгтэй.
Унших нь оюун ухааны чадамж, танин мэдэхүйг (IQ) хөгжүүлэхээс гадна сэтгэлийн чадамж, мэдрэмжтэй (EQ) маш их холбоотой байдаг бөгөөд хөгжүүлдэг.Ном унших нь ийн мэдрэмж, сэтгэлтэй онцгой холбоотой байдаг тул дургүй номоо хүчээр унших хэцүү. Энэ нь номоос залхах, дургүй болгох нэг хүчин зүйл болдог.
Тиймээс хүүхдээр унших номыг нь өөрөөр нь сонгуулж, таалагдсан номыг нь уншуулах хэрэгтэй. Гэхдээ анх уншиж сурч буй хүүхдийн ном зохих шаардлагыг хангасан байх ёстой. Үсгийн хэмжээ цагаан толгойн үсгийн адил, том, мөр хоорондын зай их, шамбааралдсан, шигүү бичлэггүй, уншихад хялбар, богино хялбар үгүүдтэй 8-аас доош үгсээс бүтсэн энгийн өгүүлбэрүүдтэй, зурагтай, сонирхол татахуйц байхад анхаарах хэрэгтэй. -Сонирхлоос шалтгаалаад эрэгтэй, эмэгтэй хүүхдийн ном сонголт өөр, өөр байна байх?
-Хөвгүүдэд ном сонгохдоо номыг өөрөөр нь сонгуулах, танин мэдэхүйн шинжлэх ухааны номуудыг санал болгох ,хувийн сонирхолд нь тааруулах, ном нь кинотой бол сонирхол татах нэг үндэслэл болно, хөвгүүдийн шинэ хандлага, сонирхлыг харгалзах, гоё зураг хавтастай байх хэрэгтэй.
Төгсгөлд нь хэлэхэд охид, хөвгүүд аль алинд нь хамааралтай чухал үйл бол уншсанаа дүгнэх, хамтын зугаатай яриа өрнүүлэх юм. Энэ нь хэл ярианы чадвар, сэтгэлийн чадамжийг ч давхар хөгжүүлнэ.
-Хүүхэд орой оронд нь байхад үлгэр, ном уншиж өгөх ямар ач холбогдолтой байдаг вэ. Орондоо сонссон үлгэр хүүхдийн төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлдэг гэх дүгнэлт бас байдаг шүү дээ?