Дэлхий | 8 мин уншина

​Амжилтын 10 мянган цаг ба алдартнуудын мөрддөг таван цагийн дүрэм

​Амжилтын 10 мянган цаг ба алдартнуудын мөрддөг таван цагийн дүрэм
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 9
Зохиолч, сэтгүүлч Малкольм Гладвелийн “Outliers: The story of success” ном 2005 онд АНУ төдийгүй дэлхий дахиныг байлдан дагуулж, олон хэлэнд орчуулагдан бестселлер болсон байдаг. Тэрээр энэ номондоо сэтгэл судлаач К.Андерс Эрикссоны хийлчдийн тухай алдартай судалгааг ашиглан “10 мянган цагийн дүрэм” гэх сонирхолтой үзлийг гаргаж тавьсан нь хүмүүсийн магтаал, шүүмжлэлийг зэрэг дагуулсан юм. Товчхондоо, тэрээр амжилтын алтан дүрмийг тэрээр хөлс урсгаж байж бүтээх 10 мянган цаг хэмээн тодорхойлсон байдаг . Өөрөөр хэлбэл, амжилт гаргахын тулд хүн тухайн зүйлдээ мэргэшсэн байх шаардлагатай бөгөөд аливааг 10 мянган цаг хийснээр хүн онцгой мэргэшдэг болохыг судлаачдын бүтээл дээр дүн шинжилгээ хийн томъёолсон байдаг.
Малкольм Гладвел номондоо домогт “Битлз” хамтлагийг жишээ болгон нэрлэсэн байдаг. “Битлз” хамтлагийнхан 1964 онд АНУ-д ирж алдар нэрийн оргилд гарахаасаа өмнө төрөлх Англиасаа эхлэн Германы Хамбург хүртэл хийсэн дөрвөн аялан тоглолтынхоо үеэр орой бүр таван цагийн тоглолт хийж, нийт 1200 удаа тайзан дээр гарчихсан байжээ. Энэ хугацааг тооцвол тэд 10 мянган цагийн дүрмээ биелүүлчихсэн, амжилтын эхлэлээ тавьчихсан АНУ-д ирж байжээ.

Малкольм Гладвелын үзсэнээр амжилтад хүрсэн дэлхийн бүх алдартан 10 мянган цаг шаргуу хөдөлмөрлөсөн байдаг юм байна. Үүнд тэрээр Билл Гейтсийг жишээ болгон татсан байдаг. Билл Гейтс 1968 онд 13 настайдаа тэмцээнд зориулан анхны компьютерийн програмаа бичиж байсан бөгөөд үүнээс гурван жилийн дараа Вашингтоны их сургуулийн компьютерийн төвд өдөржин өнжиж, чөлөөт цагаа өнгөрүүлэн компьютертай ноцолдох болжээ. Ингээд 1973 онд буюу ахлах сургуулийн төгсөх ангид байхдаа тэрээр програмистуудад зориулсан гарын авлагын дагуу бие даан хичээллэх болсон байна. Үүний дараа тэрээр Харвардын их сургуульд орсон ч, түүний мэддэг зүйлийг заадаг байсан тул 1975 онд сургуулиа орхин, “Microsoft” компанийг байгуулжээ. Ийнхүү дэлхийн алдарт “Microsoft” компанийг байгуулах хүртэлх /1968-1975 он хүртэл/ түүний шаргуу хөдөлмөрлөсөн энэхүү хугацааг тооцвол нийт 10 мянган цаг болсон байна.
Малкольм Гладвел номондоо мэргэжлийн хоккейд 1, 2, 3-дугаар сард төрсөн тамирчид манлайлдаг тухай сонирхолтой тайлбар хийсэн байдаг юм. Түүнчлэн Томас Эдисон "Чийдэн бүтээх гэж" бас л 10 мянган цаг хөдөлмөрлөсөн бол Стив Жобс, Нельсон Мандела гээд бүх алдартай хүн амжилтын алтан дүрмийн дагуу буюу 10 мянган цаг хөдөлмөрлөсөн байдаг аж. Тиймээс ямар ч авьяасгүй хүн хүртэл 10 мянган цаг хөдөлмөрлөвөл тухайн зүйл нь гарт нь ордог бөгөөд үүнийг л амжилтын томъёо гэж нэрлэжээ.

Сэтгэл судлаач K.Андрес Эриксон анх Берлиний хоёр хөгжмийн коллежид судалгаа явуулж, хүүхдүүд хөгжмийн бэлтгэлдээ өдөрт хэдэн цаг зарцуулж байгаа хугацаанаас хамаарч тэдний амжилт тодорхойлогдож байгааг нотолжээ. Түүний үзсэнээр бол дэлхийн хэмжээний од болох оюутнуудын ялгарал нь найман наснаас эхэлжээ. Тэд бусдаас шаргуу, бусдаас тууштай хичээллэсэн аж. Тэд есөн нас хүрэхдээ долоо хоногт зургаан цаг, 12 нас хүрэхдээ долоо хоногт найман цаг, 14 нас хүрэхдээ долоо хоногт 16 цагийг дунджаар хөгжмийн хичээлдээ зарцуулсан аж. Улмаар тэд 20 насныхаа төрсөн өдөр болоход альхэдийнэ 30 цагийг долоо хоног бүр, сардаа 100-гаас дээш цагийг хийл тоглоход зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Ийнхүү шаргуу хичээллэсэн сурагчид “элит хөгжимчний англилал”-д орж байсан бол, төрөлхийн авьяастай хэрнээ дадлагад бага цагийг зарцуулж байсан хүмүүс дэлхийн хэмжээний од болох магадлал тун бага, бараг байхгүйг нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл олон цагаар шаргуу хөдөлмөрлөх нь амжилтын гол үндэс болдог гэх гаргалгааг тэрээр анх гаргасан бөгөөд Малкольм Гладвел болон бусад судлаач үүнийг алдартай хүмүүс дээр туршин 10 мянган цагийн дүрмийг гаргасан байдаг.
Гоц авьяас нь багадаа илэрсэн Моцартын сод туурвилууд хөгжмийн ертөнцөд 10 мянган цаг идэвхитэй зарцуулсны дараа төрж байжээ . Сэтгэл судлаач Майкл Ховегийн өгүүлснээр Моцартын хүүхэд байх үеийн зохиолууд дээр аав нь тусалж байсан бөгөөд түүний эхний долоон симфони буюу 10 мянган цаг доторх хугацаанд хийсэн бүтээлүүд нь бусдаас онцын ялгараад байх сод зүйлгүй байсан гэж дүгнэжээ.
Тэгэхээр 10 мянган цаг гэдэг бол:
  • Ажлын өдрөөр тооцож, өдөрт хоёр цагаар бодоод үзвэл 19.2 жилийн дараа 10 мянган цаг болно
  • Амралтын өдрийг оруулан тооцож, долоо хоногийн турш өдөрт 5-6 цагаар хичээлэвэл 4.5 жилд 10 мянган цаг болно.
Өөрөөр хэлбэл, амжилтад хүрэхийг хүсч байгаа бол өдөрт хоёр цаг бэлтгэл хийж, хөдөлмөрлөнө гэдэг хангалтгүй тоо аж.
Ийнхүү сэтгэл судлаач Эриксоны судалгааны ажил дээр үндэслэн “10 мянган цагийн дүрэм” гэгчийг томъёолсон Малкольм Гладвелын энэхүү гаргалгааг улам нарийн томъёолсон, нөгөө талаар үгүйсгэсэн олон нийтлэл байдаг.
Эдгээрийн нэг нь “Empact”-ыг үүсгэн байгуулагчдын нэг Майкл Симмонсын “Таван цагийн дүрэм" юм. Тэрээр “амжилтын 10 мянган цагийн дүрэм”-ийг улам нарийн тодорхойлжээ. Майкл Симмонс өнгөрсөн нэг жилийн хугацаанд 10 мянган цагийн практик дүрмийг судалж, Илон Маск, Опра Уинфри, Билл Гейтс, Уоррен Баффет болон Марк Цукерберг зэрэг алдартнуудын намтар дээр үндэслэн амжилтын нэгэн загварыг гаргажээ. Тодруулбал, эдгээр алдартан маш завгүй ажиллаж 10 мянган цагийн дүрмийг биелүүлсэн байжээ. Гэхдээ 10 мянган цагийн дүрмийн дараа баримтлах ёстой нэгэн дүрэм байдаг нь таван цагийн дүрэм аж. Өөрөөр хэлбэл, энэ бол амжилтад хүрсний дараа, амжилтаа тогтоон барих амжилтын хоёрдугаар шат буюу таван цагийн дүрэм юм. Тэрээр алдартнуудын амьдралын зарчим болгож, байнга баримталдаг дараахь дадал зуршлыг цагаар тооцоолон энэхүү дүрмийг гаргасан байна.
Ингэхдээ Майкл Симмонс амжилтыг далайтай зүйрлэн, далайн ёроолыг амжилтын оргил нь гэж үзвэл бидний мэдэх Илон Маск, Билл Гейтс, Уоррен Баффет, Марк Цукерберг зэрэг алдартнууд одоо ч гэсэн далайн ёроолд хүрэхээр шумбаж яваа хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, далай руу үсрэн орох тэр явц нь 10 мянган цаг бөгөөд үүнээс хойшхи явц нь таван цагийн дүрэмд захирагдана.
Амжилтад хүрсэн алдартнуудын баримталдаг дүрэм бол долоо хоногийн дор хаяж таван цагийг өөрийгөө хөгжүүлэхэд зориулах. Энэ нь хоорондоо уялдаа бүхий гурван зүйлээр тодорхойлогдож байна.

“HBR”-ын нэгэн нийтлэлд “Nike-ийн үүсгэн байгуулагч Фил Найт номын санг тун их хүндэлдэг тухай бичжээ. Тэрээр "Номын санг хүндэлж чадахгүй бол чи ядаж өмнө нь очоод гутлынхаа үдээсийг үдэж, мэхийн ёсолж бай" хэмээн хэлсэн байдаг аж. Тэрээр номыг ихэд хүндэлдэг нэгэн аж. 
Алдарт хөтлөгч, дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг Опра Уинфри түүний амжилтад онцгой нөлөө үзүүлсэн зүйл бол ном гэдгийг үргэлж хэлдэг. Тэрээр “Намайг хувийн эрх чөлөөг мэдрүүлсэн зүйл бол ном” хэмээн хэлсэн байдаг. Тэрээр ном унших дадал зуршил болон сайн номыг хэрхэн сонгож унших тухай дэлхий даяар лекц уншиж, өөрийн туршилгаа бусадтай хуваалцдаг.
Өөрөөр хэлбэл, амжилтын таван цагийн дүрмийг баримталдаг алдартнууд 10 мянган цаг шаргуу ажиллахаас гадна долоо хоногт таван цагийг өөрийгөө хөгжүүлж, боловсруулахад зориулдаг бөгөөд үүний нэг нь унших юм.
Бусад алдартнууд болон алдартай тэрбумтан, энтрепрёнеруудын унших зуршлыг авч үзвэл:
  • АНУ-ын тэрбумтан Марк Кьюбан өдөр бүр гурав болон түүнээс дээш цагийг уншихад зарцуулдаг
  • “Home Depot”-ын үүсгэн байгуулагч Артур Бланк өдөрт хоёр цагийг уншиж өнгөрүүлдэг
  • Тэрбумтан, энтрепрёнер Дэвид Рубенстэйн долоо хоногт зургаан цагийг ном уншихад зарцуулдаг байна.
  • Өөрийнхөө хүчээр тэрбумтан болсон, “Cleveland Cavaliers”-ын эзэмшиг Кливланд Кавалирс өдөр 1-2 цагийг ном уншихад зориулдаг байна.
Долоо хоногийн таван цагийг өөртөө зориулахдаа, зарим хугацаанд нь аливааг эргэцүүлж, бодох ёстой юм. 
“AOL”-ын гүйцэтгэх захирал Тим Армстронг өөрийн ахалдаг баг хамт олондоо ажлын таван өдрийн дөрвөн цагийг зөвхөн бодож, тунгаахад зарцуулах цаг олгодог байна. Ингэснээр шинэ санаа, бүтээлч санаа шинээр төрж, компани амжилттай ажиллах нэг сэдэл болдог аж. 

“Twitter”-ийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Жак Дорси ч мөн энэ зарчмыг ашигладаг аж. “LinkedIn”-ий гүйцэтгэх захирал Жефф Уэйнер өдөрт хоёр цагийг бодож, тунгаахад зориулдаг бөгөөд үүнийг бүр төлөвлөгөөндөө тусгасан байдаг гэнэ.
“LinkedIn”-ий үүсгэн байгуулагчдын нэг Рэйд Хоффман бодож, тунгаахад цаг гаргахаас гадна ямар нэг шинэ санаа төрсөн үед Петер Тэйл, Макс Левчин, Илон Маск зэрэг найзуудаа  дуудаж, хамтдаа зөвлөж ярилцдаг байна.
Тэрбумтан Рэй Далио алдаа гаргасан үедээ түүнийг системтэйгээр бүртгэн авдаг бөгөөд үүнийгээ компанийн бүх ажилчдын дунд хэлэлцдэг байна. Тэрээр энэхүү алдааны үндсэн шалтгааныг олох цагийг ажилчдадаа гаргаж, үүнийгээ бодож, бүгдээрээ хэлэлцэх тусгай цагийг гаргадаг аж. Түүнчлэн тэрбумтан бизнесмэн Сара Блэйкли тэмдэглэл тууштай хөтөлдөг нэгэн аж. Тэрээр өөрт тохиолдсон таагүй явдал болон алдаа, үр дүнгүй ажил зэргээ тэмдэглэсэн 20 гаруй дэвтэртэй тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрээр энэ тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн алдаа, оноонуудаа бодож, тунгаахад тусгайлан цаг зориулдаг байна.
Эцэст нь, таван цагийн дүрмэнд заах, өөртөө заавал хэвшүүлэх ёстой нэг зүйл бол өөрийгөө сорьж, туршиж улмаар дадлагажуулах тухай юм. 
Тухайлбал, АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Франклин амьдралынхаа турш өөрийгөө шинэ зүйлд сорьж, туршдаг нэгэн байсныг бид түүний намтраас тодорхой хардаг. Бизнес, шинжлэх ухаан, сэтгүүл зүй, уран зохиол зэрэг олон салбарт өөрийгөө туршсан түүний амжилтын оргилд хүрсэн замнал нь одоогийн эалуу хүн бүрт үлгэр жишээ болохоор байдаг.Хэвлэлийн бүтээгдэхүүний дэлгүүр ажиллуулж, сонин эрхлэн гаргаж байсан тэрээр чөлөөт цагаараа гадаад хэл судлаж, шинжлэх ухаан сонирхож байв. Тэрээр эрдэмтний хувьд цахилгаан, гэрлийн салбарт хийж байсан суурь судалгаагаараа нэрд гарсан байдаг бөгөөд Франклины пийшин, бифокапийн томруулдаг шил зэрэг хэд хэдэн өндөр ашигтай шинэ бүтээл гаргасан байдаг.
Түүнчлэн “Google” компани ажлын цагийнхаа 20 хувийг шинэ төсөл, шинэ зүйл туршихад зориулдаг дотоод журмаараа алдартай. “Фэйсбүүк” компани ч мөн жилийн нэг сарыг шинэ зүйл туршихад зарцуулдаг.

Өөрийгөө туршиж, шинэ зүйлд суралцах хамгийн том жишээ бол гэрлийн чийдэн бүтээсэн гэдгээрээ нэрд гарсан эрдэмтэн Томас Эдисон байж болох юм. Хэдий тэрээр суут ухаантан байсан ч, бүх зүйлийг заавал туршиж үздэг байжээ. Тэрээр эхлээд хийх гэж буй тухайн зүйлийнхээ боломжит бүх шийдлийг тодорхойлж, түүнийгээ системтэй дэс дараатайгаар туршин, шалгаж хамгийн боломжит шийдлийг туршилтын дүнгээр тодорхойлдог байжээ. Үүнийгээ ч тэрээр “Би нэг ч удаа бүтэлгүйтэж байгаагүй. Харин боломжгүй 1000 хувилбар байдаг гэдгийг нотолсон” хэмээн дурссан байдаг. Түүний өрсөлдөгч, орчин үеийн AC цахилгаан эрчим хүчний хангамжийн системийн зураг төслийг гаргасан эрдэмтэн Никола Тесла хожим Томас Эдисоны арга барилыг ашигладаг байснаа дурсан ярьж байжээ.
Өөрөөр хэлбэл, хийх гэж буй зүйлээ зөв эсвэл боломжтой гэдгийг нотлохын тулд боломжгүй зүйлсийг ч эхлээд туршиж үзэх хэрэгтэй аж. 
Эцэст нь, амжилттай байх томъёо бол хөдөлмөрлөх, унших, турших, эргэцүүлэн бодох гэдэг энгийн дүрэм аж. Ингэхдээ хүн өөртөө хяналт тавьж, алдаагаа дор бүр нь засч залруулж, өөрийн хийж чаддаггүй зүйлийг ч туршиж үзэн дайчлах ёстой юм. 
Харин амжилтаас чангаадаг хүчин зүйл бол өөрийн дассан орчиндоо л тайван байхыг хүсэх, аливааг ямар нэг төлөвлөгөөгүйгээр турших, бусдыг анхаарах, зөвхөн өөрийн сайн хийдэг зүйлээ л хийх зэрэг өөртөө сайн дадал зуршил бий болгохгүй байх юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн