Сонгууль-2024 | 2 мин уншина

Сонгуулийн саналын хуудасны хэмжээ өнөөдөр тодорхой болно

Сонгуулийн саналын хуудасны хэмжээ өнөөдөр тодорхой болно
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 30
26 нам, хоёр эвсэл 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж, СЕХ-д бичиг баримтаа хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр СЕХ хуралдаж нам, эвслүүдээс ирүүлсэн бичиг баримтыг хянаж үзээд хуулийн шаардлага хангасан нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэх юм байна.
Ингэснээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд хэдэн нам, эвсэл оролцох нь өнөөдөр тодорхой болох юм. Тэгвэл үүнээс шалтгаалж саналын хуудасны хэмжээ мөн эхний байдлаар гарах аж. Сонгуулийн тойргийг томсгосонтой холбоотойгоор саналын хуудас урт болохоос гадна сонгогчид хөдөө орон нутагт 7-10, нийслэлд 3-5 нэр дэвшигчийг дугуйлна. Түүнчлэн нэр дэвшигчийг дугйлахаас гадна нам, эвслийг дугуйлна. Тодруулбал, саналын хуудас дээр мажоритар болон пропорциональ гэсэн хоёр тэмдэглэгээ хийнэ. Мажоритар тал дээр 78 мандат дээр тэмдэглэгээ хийнэ. Пропорциональ тал дээр нэг намыг дугуйлах тэмдэглэгээ хийнэ. Мөн сонгогч алдаа гаргасан бол нэг удаа саналын хуудсаа солиулах боломжтой юм.
Хамгийн дээд хэмжээгээр бодоход 29 нам, тойргийн мандатын тоогоор хүн нэр дэвшүүлэхэд 31 инч буюу 60-70 см саналын хуудастай байна гэдэг тооцоог СЕХ-оос хэлж байсан юм. Гэхдээ ийм хэмжээний нам болон нэр дэвшигч байхгүй тохиолдолд саналын хуудасны урт багасах юм.
Манай улс 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байсан. Тухайн үед саналын хуудсаа босоо хэлбэрээр хэвлэж байж. Энэ удаад саналын хуудас босоо эсвэл хөндлөн байх уу. Нөгөө талд нь дамнан хэвлэгдэх үү гээд саналын хуудасны загварыг Сонгуулийн ерөнхий хороо батлана.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Пропорциональ болон мажоритар талуудаа оролцуулаад байж болох хэмжээ хэд байх вэ гэдэгт туршилт хийж үзэж байгаа. Ер нь нэг л хуудастай байхаар тооцоолж байна. Хэлбэрийн хувьд босоо байна. Яагаад гэвэл санал тоолох төхөөрөмж нь цаасыг босоо хэлбэрээр л унших зориулалттай юм. Харин босоо хэлбэрийн саналын хуудаст хоёр эсвэл гурван багана байх уу гэдэг нь өөр асуудал. Үүнийг намуудын оролцоо, нэр дэвшилтийн байдал зэргээс шалтгаалан шийдвэрлэнэ.
2012 оны сонгуулиар нэг саналын хуудсыг ар, өвөргүй бөглөх байдлаар хэвлэж байсан. Одоо нэг нүүрэнд багтахгүй бол 2012 оных шиг дамнуулан хэвлэх магадлалтай гэсэн урьдчилсан тооцоолол байна" гэлээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн