Улс төр | 6 мин уншина

Цуврал 1: Төрөөс хумсалж, таны боломжийг хулгайлсан сонгож болохгүй улстөрчид

Цуврал 1: Төрөөс хумсалж, таны боломжийг хулгайлсан сонгож болохгүй улстөрчид
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 25
Боловсролын зээлийн санг улстөрчид ураг төрлөөрөө тонон дээрэмдсээр ирснийг өнгөрсөн жилээс олон нийт ил болоод буй. Чадвартай, толгойтой залуусын боломжийг хулгайлж өөрөө ч, үр хүүхэд, эхнэр нөхөр, төрсөн дүү, бүр амрагаа хүртэл зээлийн сангаар гадаадад сургаж, зээлээ ч төлөлгүй арилсан баримт олны дургүйцлийг хамгийн их хүргэсэн. Тэгвэл сонгууль хаяанд ирсэн энэ үед Боловсролын зээлийн санд холбогдсон хүмүүсийг дахин сануулъя, таны боломжийг хулгайлсан хүмүүсийг сонгохгүй байх нь зүйн хэрэг. Нам нь хариуцлага тооцож, дахин нэр дэвшүүлэхгүй байж чаддаггүй юм бол иргэд, сонгогчид нь хариуцлага тооцож, дахин сонгохгүй байх эрх бий.
Монгол Улсад нийт 25 сан байдаг бөгөөд 10 орчим сан нь төсвөөс санхүүждэг. Тэгвэл улстөрчид мэдээлэлд ойр байдлаа ашиглан сан бүрээс хумсалсаар ирсэн. Гэтэл тэд энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж, гишүүн болохоор хамаг сайхан үгээ хэлж, гуйж явна. Энэ удаад Боловсролын зээлийн сантай холбогдсон сонгож болохгүй улстөрчдийг цувралаар хүргэе.
Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр БЗС-аар Австралийн Чарлас Старт их сургуульд 32 мянган ам.доллароор сурсан
undefined
Боловсролын зээлийн сангаар төрсөн дүүгээ “сургасан” хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Шударга үнэний дүртэй Ерөнхийлөгч маань мөн л мэдээлэлд ойр байдал эрх мэдлээ ашиглан төрсөн дүү У.Отгонбаярыг Боловсролын зээлийн сангаар гадаадад сургасан байх магадлалтай. У.Отгонбаяр зүүн бүст нэр дэвшихээр горилж байгаа. Тэгвэл тэрээр 2011 онд Боловсролын зээлийн сангийн зээлээр Австралийн Чарлас Старт их сургуульд 32 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 110 сая төгрөгөөр суралцсан. Харин 2019 он хүртэл зээлээ төлөөгүй байсан бөгөөд сангийн асуудал олны анхааралд орсны дараа л зээлээ төлжээ. Хэрвээ энэ асуудлыг олон нийт мэдээгүй байсан зээлээ төлөхгүй байсан биз ээ.
Өөрөө, төрсөн дүүгээ, хоёр хүүхдээ Боловсролын зээлийн сангаар сургасан Их хурлын дарга Г.Занданшатар
undefined
Энэ хүнд Монголын төр ямар өртэй юм бэ гэдэг үгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хэлмээр. Боловсролын зээлийн сангаар өөрөө сураад зогсохгүй, төрсөн дүү болон хоёрын хоёр хүүхдээ сургасан. Тэд мундагтаа гадаадад сураад өндөр боловсрол эзэмшсэн бус харин ч хууль зөрчиж, мэдээлэлд ойр байдал, эрх мэдлээ ашиглаж та бидний боломжийг гулгайлсан. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар 2003 онд Нидерландын Маастрихтын Удирдлагын сургуульд суралцахдаа 6 мянган ам.доллар, түүний төрсөн дүү Г.Оюунгэрэл мөн онд Австралийн Свинбурн их сургуульд суралцахдаа 16 мянган ам.долларын зээл авсан. Харин Занданшатарын Алтангэрэл АНУ-ын Беркелигийн Их сургуульд олон улсын эдийн засагч мэргэжлээр бакалаврт суралцахад 93000 ам.доллар, охин Должинсүрэн нь  Калифорнийн их сургуульд  сэтгэл судлалаар суралцахад 13711 ам.доллароор сурсан.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаагийн сонгуульд хангайн бүст нэр дэвшихээр горилж байгаа.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц охиноо сургасан
undefined
Монголын тэргүүлэх баячуудын нэгд тооцогддог, ТЕГ-ын дарга асан Ц.Хурц мөн л охиноо боловсролын зээлийн сангаар гадаадад сургасан. Түүний охин Б.Намуун Канадын Бритиш Колумбиа Их сургуульд философийн мэргэжлээр суралцжээ. Ингэхдээ БЗС-аас 72716 ам.долларын зээл авч сурсан байна. Тэгвэл Б.Хурц энэ удаагийн сонгуулиар АН-аас Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр горилж байгаа гэх.
Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн эхнэр нь, дүү нь БЗС-аар гадаадад сурсан
undefined
Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн дүү болон эхнэрээ Боловсролын зээлийн сангаар сургасан нь ч ил болсон. БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангаар сурснаас гадна эхнэр М.Сэржмядаг нь 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцсан. Харин Л.Энх-Амгалан сайд хойд бүст нэр дэвшинэ. Гэр бүлээрээ та бидний боломжийг хулгайлсан эрхэм сайдтайгаа тойргийн иргэд нь хариуцлага тооцож, сонгохгүй байх нь зүйн хэрэг.
Шадар сайд С.Амарсайхын хүү Эрдэнэхүслэн
undefined
Шадар сайд С.Амарсайханы хүү Эрдэнэхүслэн Английн Бристолын Их сургуульд Боловсролын менежментийн мэргэжлээр суралцахаар 27,166 ам.долларын зээл авсан байдаг. Гэвч А.Эрдэнэхүслэнгийн энэ зээлийн мэдээлэл 2021 онд ил болж, улмаар нийгмийн шүүмжлэл дагуулсан тул С.Амарсайхан аргагүйн эрхэнд зээлээ хаасан. Тэгвэл энэ удаагийн сонгуульд Шадар сайд С.Амарсайхан Налайх, Багануур, Багахангайн бүст дахин нэр дэвшихээр горилж буй. Ковидын үед ч эхнэрээ улаан бүс рүү оруулж, эцэг, эхтэй нь уулзуулж байсан эрхэм сайд бүх талаараа эрх мэдлээ ашигладаг бололтой. Тухайн үед хавдартай хүмүүсийг ч тусгаарлаад гэр бүлтэй нь уулзахыг хатуу хориглож байсан бол ганцхан сайдын эхнэр ээж, аавтайгаа уулзаж байсныг сонгогчид нь мартаагүй биз ээ.
10 хувийн Ц.Даваасүрэн гэх хоч автлаа улстөрд явсан Барилгын сайд охиноо БЗС-аар сургасан
undefined
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн охин Д.Долзодмаа АНУ-ын Пүрди их сургуульд инженерийн чиглэлээр 2012-2016 онд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 191 мянган ам.доллар буюу 660 сая төгрөгийн зээл авсан. Боловсролын зээлийн сангийн мэдээлэл олон нийтэд ил болоход ч зээлээ эргүүлэн төлөөгүй байсан юм. Тэгвэл Ц.Даваасүрэн мөн л дахин гишүүн болохоор зүтгэж буй. Тэрээр өмнө нь намаасаа татгалзаж, бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж байсан. УИХ-ын гишүүн л болж байвал хэнтэй ч хамтарч чадах Ц.Даваасүрэнгийн нэр хүнд унасаар байгаа ч сонгогдсоор байдаг нь сонин.
Хамгийн залуу гишүүн Г.Дамдинням БЗС-аар гадаадад сурсан
undefined
УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням Канадын Бритишийн Колумбиа их сургуульд хоёр жилийн хугацаанд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам долларын зээл авсан нь ил болсон. Тэгвэл эрхэм гишүүн ганц БЗС-д холбогдоод зогсохгүй Хөгжлийн банкны хэрэгт ч нэр холбогдсон. 33 тэрбумын гэх хэрэгт холбогдоод байсан тэрээр энэ удаад дахин гишүүн болохоор гүйж яваа. Анхнаасаа эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж бусдын боломжийг хулгайлсаар ирсэн залуу гишүүнд төвийн бүсийнхэн дүнгээ тавих биз ээ.
ОХУ-д суугаа Элчин сайд  Ө.Энхтүвшингийн дэд сайд хүү Золбоо
undefined
Хойд бүст нэр дэвшшихээр горилж яваа дэд сайд Э.Золбоо ОХУ-д суугаа Элчин сайд  Ө.Энхтүвшингийн хүү. Тэгвэл тэрээр 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд суралцахаар 16,000 ам.долларын зээл авсан байдаг. Тухайн үед Б.Энхтүвшин Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан аж. Үүнээс харахад эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хүүдэээ давуу байдал бий болгосон гэж хардах үндэслэлтэй. Тэгвэл Э.Золбоо нь тухайн үед авсан зээлээ БЗГ-ийн асуудал олон нийтэд ил болох хүртэл төлөөгүй байсан. Анхнаасаа л давуу байдлаа ашиглаж сурсан хүн төрд түмнийг төлөөлөхөөр гүйж явна.
ЖДҮДС-тай холбогдсон Ж.Энхбаяр БЗС-аар сурсан
undefined
ЖДҮДС-аас хамаарал бүхий компани нь зээл авч 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй өнжсөн УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр ч мөн Боловсролын зээлийн сангаар гадаадад сурсан байдаг. Тэрээр БЗС-аас зургаан мянган ам.долларын зээл авч Нидерландын Хаант Улсын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлага чиглэлээр суралцсан байдаг. УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, Батлан хамгаалын сайдаар ажиллаж байсан тэрээр сангуудыг гаргаадаггүй бололтой. Тэгвэл энэ удаагийн сонгуульд Ж.Энхбаяр төвийн бүст нэр дэвшихээр горилж байгаа. Намаас мандатаа авах нь тодорхой түүнд тойргийн гишүүд нь л хариуцлага тооцож чадна.
ХҮН намын дарга Т.Доржхандын хүү Эрдэм
undefined
УИХ-ын гишүүн Т.Доржхандын хүү Эрдэм Английн Кембрижийн Их сургуульд Эдийн засагч мэргэжлээр суралцахаар 33,454 ам.долларын зээлийг БЗС-аас авсан. Д.Эрдэм Кембрижийн Их сургуулийг 2020 онд төгсөж, 2021 онд АНУ-ын Иелийн Их сургуульд магистр хамгаалсан байна. Мэдээлэлд ойр байдлаа ашиглаж хүүгээ Боловсролын зээлийн сангаар сургарсан эрхэм гишүүн хариуцлагаа хүлээж, Их хуралд нэр дэвшихгүй байх нь ёс зүйн хувьд зүйд нийцэх биз ээ.
Боловсролын зээлийн сангаар гадаадад сурсан дарга нарыг харахад мөнгөгүйдээ ч юм уу, зээлийн сангийн шаардлага хангасан мундагтаа бус үнэгүй юм авах хүсэлтэй, үүнийгээ байж болох зүйл мэтээр ойлгож, ёс зүйн хэм хэмжээг баримтлаагүйд л байгаа юм. Уг нь энэ санг чадвар, мэдлэг, хичээл зүтгэлтэй хэрнээ гадаадад сурах боломжгүй залуусыг дэмжихээр байгуулсан. Харин улстөрчид, мэдээлэлд ойр хүмүүс таны, миний, бидний боломжийг хулгайлсаар ирж. Энэ цуваа цааш үргэлжилнэ.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн