Анализ | 5 мин уншина

Сайн туршлагад бус улс төрд суурилсан Үндэсний баялгийн сангийн хуулийн балаг

Сайн туршлагад бус улс төрд суурилсан Үндэсний баялгийн сангийн хуулийн балаг
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 26
УИХ-ын долоохон хоногт баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. Үүгээр хувийн аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг зогсоож, төрийн өмчийг авах нэртэй боловсон дээрэм явуулж байна. Маргааш таны, миний ч бизнесийг хурааж мэдэхүйц эрсдэл үүслээ гэж учир мэдэх улс хэлж буй.
Цаашдаа стратегийн ордыг эзэмшиж байгаа есөн компанид Үндэсний баялгийн сан болон түүний дагалдах хуулиуд үйлчилнэ. Үнэн хэрэгтээ эдгээр есөн ордын хоёрт л үндэсний компаниуд хөрөнгө оруулж, төсөл хэрэгжүүлэх шатандаа явж байна. Бусад ордыг эдийн засгийн эргэлтэд оруулаагүй, нэр төдий яваа гэсэн үг. Тэгвэл төсөл хэрэгжүүлж эхэлсэн хоёр компанийн 34 хүртэлх хувийг төр үнэгүй авна. Энэ хугацаанд хийсэн хувийн компаниудын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг үл тоон төр хувийн хэвшлээ “дээрэмдэх”-ээр зэхэж байна.
Газрын хэвлийн баялаг нийт ард түмний өмч. Энэ өмчөөс иргэн бүр тэгш хүртэх эрхтэй. Үүний тулд ч Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болж, баялгийн сантай болох гэж буй. Гэхдээ байгалийн баялаг ихтэй манай улсын том орд бүхнийг төр эзэмшиж, олборлоно гэвэл цаашдаа олон, олон “Нүүрсний хулгайг”-г бий болгоно гэсэн үг. Төрийн оролцсон, эзэмшсэн бүхэн ямар замаар явж, төрд гарсан эрх мэдэлтэй хэдхэн хүнийг баяжуулдаг, тендер хусдаг, шахааны хэрэгсэл болсон гэдгийг бид өнгөрсөн 30 жилийн түүхээсээ бэлээхэн харж болно. Төрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн хугацаанд эрх баригч намынхны мөнгөний машин байснаас бус ард иргэддээ үр өгөөжөө хүртээсэн нь ховор байсныг бид УИХ-ын хянан шалгах Түр хорооны сонсголоос харсан. Нөгөө талаар төр өөрийн эзэмшиж байгаа хувьдаа таарсан хөрөнгө оруулалтыг хийх нь бизнесийн зарчим байлаа. Гэтэл төр ямар ч хөрөнгө мөнгө гаргахгүйгээр хувь эзэмшинэ гэдэг стратегийн ордын эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг улам гацаана. Энэ нь эргээд улс орны эдийн засагт дарамт учруулах, өндөр үр ашигтай ордуудаа ашиглуулах замаар үр өгөөжийг нь хүртэх хугацааг л хойшлуулах эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр газрын хэвлийд орших эрдэс, түүхий эдийг хөрөнгө, мөнгө зарж олборлолт явуулж, экспортолж байж л баялгийн жинхэнэ үнэ цэн бий болно.  Эрх баригчдын жишиг болгон яриад байдаг Норвеги зэрэг улсад төр нь ашигт малтмалын ордуудад заавал хувь эзэмшихгүйгээр татвар, хураамжаа өндөр тогтоож, тэр орлогоо баялгийн сандаа төвлөрүүлдэг.
Ер нь байгалийн баялгийн өгөөжийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр АМНАТ буюу роялтигаар дамжин хүртдэг. Роялти нь тухайн үйлдвэрлэл ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээс үл хамааран борлуулалтын орлогоос шууд авдаг. Тэгэхээр тухайн ордыг ашигласан хүртээмж нийт ард түмэнд АМНАТ-аар дамжин очих ёстой. Харин төр АМНАТ-аа Ирээдүйн өв санд 100 хувь төвлөрүүлдэг байвал байгалийн баялгаасаа Монгол Улсын иргэн бүрт тэгш хүртээх боломжтойг эдийн засагчид хэлж байна.
Төр татвар хураамжаа л сайн ав. Харин ч өөрт байгаа өмчөө хувьчил
undefined
МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, Доктор, профессор Х.Цэвэлмаа: Сая баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль төрийн өмчит компаниуд руугаа чиглээд байна. Уг нь Баялгийн сан бол тухайн улсын хөгжлийн бодлогоо санхүүжүүлэх, тогтвортой байлгах нөхцөлийг хангах ёстой. Гэтэл энэ чиг үүргийн талаар сая баталсан хуульд огт байхгүй. Монгол Улс 2030 он гэдэг юм уу 2050 он хүртэл ямар суурь хөрөнгөтэй болох гээд байгаа улс юм бэ гэдэг рүүгээ чиглэсэн юм огт байхгүй. Одоо байгаа гурван сан нь чиг үүрэггүй, ялгааг нь тодорхойлоогүй хууль баталсан. Тэгэхээр энэ улс оронд хэрэгтэй юу, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хэрэгтэй юу гээд бодохоор хариулт олдохгүй байгаа. Олон улсын жишгээр харахад Баялгийн сангууд тодорхой хэмжээний хөрөнгөтэй байдаг. Харин манай энэ сангуудад хөрөнгө байгаа юу. Улс орны урт хугацааны хөгжлийн асуудлыг шийдэх хуулийг ийм яаруу баталж болохгүй.
Түүнчлэн, хувийн хэвшлээ дээрэмдэх зарчмаар өмчийг нь авч болохгүй. Харин ч эсрэгээрээ төрд байгаагаа хувьчлах ёстой. Яагаад гэхээр төр Баялгийн сангаа менежмент хийж, хөрөнгөө бүрдүүлж чадахгүй байна. Бүрдүүлснээ өсгөх саналууд хэлэхгүй байна. Тиймээс АМНАТ, роялтигаа өндөр тогтоогоод хувийн хэвшил нь ордуудаа авч явах ёстой. Үүнийг мэргэжлийн хүний хувьд цэвэр улс төрийн шийдвэр гэж харж байгаа. Улс төрийн шийдвэр улс орны хөгжилд саад тотгор болоод байгаа болохоос дэмжлэг болохгүй. Тиймээс яаран ийм хууль батлах хэрэг байсан уу. Ул суурьтай үзэж байж, олон хувилбар нарийвчлан гаргаж байгаад энэ хуулиа батлах ёстой байсан.
Төр татвараа аваад сангууддаа хуримтлуулаад явах нь хамгийн зөв хувилбар.
undefined
Эдийн засагч Б.Лакшми: Хувийн хэвшлийн эзэмшиж байгаа стратегийн ордын 34 хүртэлх хувийг төр авч байгаа нь буруу. Харин татвараа өндөр тогтоож аваад, түүгээрээ сангуудаа бүрдүүлээд явах нь хамгийн зөв арга хэлбэр. Хувийн хэвшилдээ ямар ч татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлээгүй хэрнэ бизнесийнх нь тодорхой хувийг нь төр авна гэдэг дээрэм. Тиймээс төр татвар, хураамжаа аваад сангууддаа төвлөрүүлээд явах нь хамгийн зөв. Нөгөө талдаа Баялгийн сангууддаа маш их хэмжээний мөнгө төвлөрүүлээд тэр нь ямар ч хяналтгүй байхаар хууль баталсан. Тэгэхээр тэр мөнгийг юунд зарцуулах нь тодорхой бус, хэн менежментийг нь хийх нь ч тодорхой бус. Магадгүй төсвийн алдагдлаа нөхөөд явчих маш том эрсдэлүүд байгаа. Тиймээс татвараа аваад сангууддаа хуримтлуулаад явах нь хамгийн зөв хувилбар.
Венесуэл дампуурахын хамгийн анхны шийдвэр яг ингэж явсан
undefined
Эдийн засагч Р.Даваадорж: Баялгийг ашиглаж, ард түмэндээ өгнө гэдэг уянгийн халил 2007, 2008 оны үед сонгуулийн өмнө цуурайтаж байсан. Яг л өнөөдрийн яриад байгаа стратегийн ордыг ашиглаж ард түмэндээ өгнө гэж ярьж эхэлсэн. Энэ үед Монгол Улс түүхэндээ байхгүй их баялгийг ард түмэндээ өгсөн. Тухайлбал, 2.8 сая иргэндээ 500 мянган төгрөг бэлнээр өгсөн. Ингэснээр тэрбум ам.долларыг ард түмэндээ бэлнээр тараасан юм. Мөн нэмээд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр тооцон иргэн бүрдээ олгосон нь хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй байсан. Энэ бүхэн нь Монгол Улсыг өрөнд оруулах эх үүсвэрийн эхлэлийг тавьсан.
Ер нь дэлхийн улс орнуудад төр нь орд эзэмшээд, ашиглаад байдаггүй. Харин хувийн хэвшлээрээ хийлгээд татвараараа дамжуулаад үр шимийг нь хүртээд явдаг. Энэ бол дэлхийн зах зээлийн зарчим. Чили, Австрали, Канад бүгд ийм зарчмаар явдаг. Аж ахуйн нэгж нь компани байгуулаад ажиллаж байхад 34 хувийг нь төр авна гээд авчихаж болохгүй шүү дээ. Ийм дээрмийн зүйл огт байж болохгүй. Өнөөдөр хувийн компаниудынхаа 34 хувийг авна гээд хууль гаргаж байгаа бол маргааш амьдрал нь хүндэрчихвэл 80 хувийг нь бид авах ёстой гээд хууль батлах нь байна. Венесуэл дампуурахын хамгийн анхны шийдвэр яг ингэж явсан.
Үндсэн хуулийн 6.2-т “газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч” гэж заасан байдаг. Тэгвэл нэг л өдөр 60 гаруй сая малынхаа 34 хувийг төр мэдэлдээ авлаа гээд авчихаж магадгүй болж дээ. Эсвэл нэгмөсөн нийгмийн тогтолцоогоо өөрчилж 1990 оноос өмнөх тогтолцоо руугаа орох юм уу.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн