Нийгэм | 3 мин уншина

Сүүлийн зургаан жилд авто ослоор 371 хүүхэд, 1991 насанд хүрсэн иргэн нас баржээ

Сүүлийн зургаан жилд авто ослоор 371 хүүхэд, 1991 насанд хүрсэн иргэн нас баржээ
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 18
Монгол Улсад жилдээ хэдэн арваас хэдэн зуун хүн зам тээврийн ослын улмаас амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Өчигдөр гэхэд л нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гарсан авто ослын улмаас 16 настай өсвөр насны хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаж, зургаан хүүхэд хүнд бэртэл авч эмнэлэгт хүргэгдлээ.
Хэрэг явдлыг харвал 19:00 цаг буюу хичээл сургууль тарах үеэр байсан гэдэг нь нэгийг хэлээд байх шиг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд манай улсад хэчнээн тооны ослоос болж хэчнээн хүүхэд амиа авто зам дээр “өргөв”.
Тухайлбал, манай улсад жилд дунджаар 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 500 хүн нас бардаг гэдэг тооцоо судалгаа бий. Бүр нарийвчилбал, 2016-2022 оны хооронд ослоос болж 371 хүүхэд, 1991 насанд хүрсэн иргэн нас барсан байна. Харин цагдаагийн байгууллагад 2023 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар хүүхэд өртсөн 780 зам тээврийн осол бүртгэгдсэн бол эхний есөн сарын байдлаар 43 хүүхэд амиа алджээ.
Аль ч улсад зам тээврийн осол, аваар гардаг ч манай улсад энэ төрлийн осол их байгаад байх шиг.
Тэгвэл Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100000 хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна. Гэтэл Монгол Улсад энэ тоо 21 буюу бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн нас баралтаар дээгүүр бичигдэж буй.
Хэчнээн хүн зам тээврийн ослоор амиа алдав
Мөн сүүлийн таван жилийн хугацаанд болон 2023 оны эхний долоон сард 21 аймгийн хэмжээнд нийт 6857 осол гэмтлийн шалтгаант нас баралт бүртгэгдсэн. Энэ нь улсын хэмжээний нас баралтын 41.5 хувийг эзэлж байгаа. Гэтэл зам тээврийн ослын шалтгаан нь ихэнх аймгуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа нь анхаарал татахуйц.
Тухайлбал, 21 аймгаас 16-д нь зам тээврийн ослоос улаабаатай нас баралт тэргүүлж, үлдсэнд нь санамсаргүй хордолт, живэлт, уналт зэрэг осол гэмтлийн нас баралт тэргүүлэх шалтгаан болж байна.
Дээрх тооны ослын хамгийн том хүчин зүйл нь жолоочийн хариуцлагагүй байдал мөн. Албаныхан ч хэлж буй.
Дахин статистик мэдээллийг харвал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг жилдээ 30 гаруй мянга бүртгэгддэг бол жолоодох эрх ч үгүй атлаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн хэрэг 2500-3000 орчим бүртгэгддэг байна.
Товчхондоо, жолоочид, жолооны курс муу үнэлгээ авав. Угтаа жолооч зам дээр гараад туршлага суудаг биш. Туршлагатай жолооч болсны дараа зам дээр гардаг баймаарсан.
Тээврийн цагдаагийн албанаас 2022 онд зам тээврийн осолд холбогдсон 18590 жолоочийг судалгаанд хамруулахад осолд холбогдсон жолоочдын 6882 нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ аваад 0-4 жил болсон байсан аж.
Энгийнээр бол жолооч жолоодох үнэмлэхээ аваад удах тусам осол аваарт холбогдох нь багасдаг, мөн жолооны курсууд жолоочийн ёс зүй, ур чадвар гээд заах ёстой зүйлээ бүрэн заагаагүй гэдгийг илтгэж байна.
Гэсэн атал өнөөгийн нөхцөл байдал "Үнэмлэх гаргуулах", "Танилын жолооны курс"-ийн эрэлд иргэд гарсаар. Тэднийг туршалагатай жолооч болоход хэдэн хүний амь хэрэгтэй вэ.
Осолд холбогдсон жолоочид жолоодох үнэмлэхээ аваад хэр удсан байдаг вэ?
Түүнчлэн, өөр нэг томоохон шалтгаан нь авто замын эвдрэл гэмтэл байдаг. Иргэд замын онгорхой, хагархайг тойрч эсрэг урсгал руу орох зэргээс улбаалан осол хийсэн олон жишээ бий. Тэгвэл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн хүчин зүйлийн нэг авто замын сүлжээнд аюулгүй зорчих ашиглалтын бэлэн байдлыг хангах асуудал хойш тавигдаад буй. Жишээ нь, манай улсын хатуу хучилттай авто замын нэг 56.5 хувь нь 6-13 насжилттай байна.
Хатуу хучилттай автозамын насжилт, жил
Урт, км
Эзлэх хувь
6 жил хүртэл
1264.1
16.9
6-13 жил
4227.8
56.5
13-аас дээш жил
1993.7
26.6
Нийт
7485.6
100
Гэвч авто замын сүлжээний ашиглалтын түвшинг бууруулахгүйгээр байнгын бэлэн байдлыг хангахад нормативын дагуу жилд урсгал засвар болон арчлалтад 113 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай боловч жил бүр улсын төсвийн хөрөнгөөс нийт шаардагдах хөрөнгийн дөнгөж 30-50 хувь шийдвэрлэдэг аж. Энэ нь жил ирэх тутам засвар, арчлалт бүрэн хийгдэхгүй байгаагаас замын ашиглалтын бэлэн байдлыг хангахад хүндрэлтэй болж, иргэд осол аваарт өртсөөр буйг илэрхийлж байна.
Ийн зам тээврийн осол аваарыг нэг тийш нь шийдэж, жолоочийг хариуцлагажуулан иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахгүй бол ямарваа нэг хорт хавдраас илүүтэй улсын хорт хавдар нь авто зам болж хувирах нь.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн