Улс төр | 2 мин уншина

МАН-ын 126 нэр дэвшигчийн 30 хувьд Н.Энхбаярын хүмүүс дэвших үү

МАН-ын 126 нэр дэвшигчийн 30 хувьд Н.Энхбаярын хүмүүс дэвших үү
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 18
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хоёр хуваагдаад олон жил болсон МАН, МАХН нэгдсэн. Ингээд МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжин оролцсон билээ. Үүнийхээ хариуд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийн хүү Э.Батшугарыгаа нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн болгосон бол Б.Тулгатыгаа Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын албан тушаалд аваачиж чадсан юм.
Үүнээс гадна МАН-ын бүх шатны байгууллагад МАХН-д 30 хувийн квот олгосон билээ. Тодруулбал, аймаг, сум, дүүрэг, нийслэлийн намын хорооноос гадна Бага хурал, Удирдах зөвлөлд ч МАХН-ын төлөөллийг оруулсан. Хэдийгээр Н.Энхбаяр МАН-аас өрх тусгаарлан МАХН-ыг авч үлдсэн ч өнгөрөн хугацаанд түүний хүмүүс улс төрд байсаар ирсэн. 2012-2016 оны парламентад МАХН АН-тай хамтарсан засаг байгуулж, хэд хэдэн хүн нь Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан юм. Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ Н.Энхбаяр даргынхаа дэмжлэгээр УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Мөн Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нар мөн л Н.Энхбаярын квотоор сайд болсон билээ. Тэр өөрөө биш ч өөрийнх нь хүмүүс улс төрд байсаар ирсэн. Одоо ч байна.
МАН-тай нэгдэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Намд том зорилтуудыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Тэгэхийн тулд тодорхой албан тушаалд очно. Намын албан тушаалд 30 орчим хувийн квот өгсөн. Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд найм, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн оруулна гэх мэт ярилцсан зүйл бий. Улсын хэмжээгээр МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно" хэмээн мэдэгдэж байсан юм.
МАН, МАХН нэгдэх үед “МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г байгуулж байсан юм. Нийт 6 бүлэг 33 зүйл бүхий тус гэрээнд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн намын шат шатны байгууллагуудад үйл ажиллагаагаараа нэгдэн нийлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхийг тусгасан талаар хоёр тал мэдээлж байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө байгуулсан энэ гэрээ өнөөдөр ч хүчин төгөлдөр үү. Хэрвээ хүчин төгөлдөр хэвээр бол МАН-ын гурван даргаас гадна Н.Энхбаяр энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувийг санал болгон дэвшүүлэх магадлалтай.
Хэдийгээр МАН-ын нэр дэвшигчид одоо хүртэл тодорхой болоогүй, горилогчид нь бужигнаантай байгаа ч Н.Энхбаярын хэд хэдэн хүн нэр дэвшихээр тохирсон гэнэ. Мэдээж түүний хүү, УИХ-ын гишүүн Э.Батшугар СХД-т нэр дэвшинэ, мөн Боомтын сайд Б.Тулгат төвийн бүст, TV9 телевизийн ТУЗ-ийн дарга, хэдхэн сарын өмнө Соёлын дэд сайдаар томилогдсон П.Баттөр хойд бүсэд нэр дэвшихээр горилж яваа.
Н.Энхбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг МАН дарга байхад нэгдэх шийдвэр гаргаж, гэрээ байгуулж байсан. Харин одоогийн дарга Л.Оюун-Эрдэнэд энэ гэрээ, хамтын ажиллагаа хамаатай юу гэдгээс нэр дэвшилтэд Н.Энхбаярын оролцоо хамаарах биз ээ.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн