Эрүүл мэнд | 3 мин уншина

СОНСГОЛ: ЭМЯ болон түүний харьяа байгууллагын 757 албан тушаалтны "эмийн мафи"-ийн сүлжээг танилцуулав

СОНСГОЛ: ЭМЯ болон түүний харьяа байгууллагын 757 албан тушаалтны "эмийн мафи"-ийн сүлжээг танилцуулав
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 17
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол даваа гарагт эхэлсэн. Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны сонсголоор аалзны тор шиг мафижсан эм, эмийн үйлдвэр, сайд, дарга нарын холбоог шинжээч танилцууллаа.
Шинжээчийн дүгнэлтэд ямар байдлаар, ямар албан тушаалтан холбогдсон байсныг хүргэж байна.
Уг нь хянан шалгах ажиллагааны явцад эм эмнэлгийн хэрэгслийн зах зээлд эрх бүхий албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөрт болон бусдад давуу байдал бий үүсгэх эрсдэлийг тодорхойлсон. Гэвч эрсдэлтэй бус аль хэдийнэ эмийн мафийн нэг хэсэг болсон нь тогтоогдов.
Тухайлбал, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга, удирдлага, эрдмийн зөвлөлийн гишүүд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Төрийн худалдан авах газар, Гаалийн ерөнхий газар, Хүний эмийн зөвлөлд, салбар зөвлөлүүд, бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн шинжээч зэрэг албан тушаалд 2018-2023 онд ажиллаж байсан болон ажиллаж байгаа 757 албан тушаалтан хоорондоо нягт холбоо хамааралтай байсан гэж дүгнэв.
Түүнчлэн, тэдгээрийн хамаарал бүхий 9654 этгээдийн эзэмшиж буй аж ахуй нэгж байгууллага, тэдгээрийн охин компани, охин компанийн охин компани, хараат компани болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой нийт давхардаагүй байдлаар 20221 хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй байжээ.
Мөн Монгол Улсын хэмжээнд 2023 оны байдлаар нийт 3289 эм хангамжийн  байгууллага байгаагаас 44 буюу 1.3 хувь нь эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, 459 буюу 14 хувь нь эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 2786 буюу 84.7 хувь нь эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага байна. Эдгээрт тэдний хамаарал хэрхэн гарч ирснийг доорх инфографикаас харна уу.
Тэгвэл дээрх холбоо хамаарлын хувьд Эрүүл мэндийн яамны ямар албан тушаалтан, ямар компаниар холбогдов
Эрүүл мэндийн байгууллагууд хэдэн хувь нь ашиг сонирхлын зөрчил болон ААН, байгууллагуудтай холбоо хамааралтай вэ?
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл: Нийт 28 албан тушаалтан хамрагдсанаас/давхардсан тоогоор/ хамаарал бүхий 35 албан тушаалтан буюу 100 хувь хамааралтай.
  • Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар: Нийт 42 албан тушаалтан хамрагдсанаас/давхардсан тоогоор/ хамаарал бүхий 41 албан тушаалтан буюу 97.6 хувь хамааралтай.
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар: Нийт 93 албан тушаалтан хамрагдсанаас/давхардсан тоогоор/ хамаарал бүхий 57 албан тушаалтан буюу 61.2  хувь хамааралтай.
  • Хүний эмийн зөвлөл: Нийт 321 албан тушаалтан хамрагдсанаас/давхардсан тоогоор/ хамаарал бүхий 241 албан тушаалтан буюу 75 хувь хамааралтай.
  • Эрүүл мэндийн яамны комисс: Нийт 50 албан тушаалтан хамрагдсанаас/давхардсан тоогоор/ хамаарал бүхий 32 албан тушаалтан буюу 64 хувь хамааралтай.
  • Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын комисс: Нийт 31 албан тушаалтан хамрагдсанаас/давхардсан тоогоор/ хамаарал бүхий 28 албан тушаалтан буюу 90 хувь хамааралтай.
  • Гаалийн ерөнхий газар: Нийт 41 албан тушаалтан хамрагдсанаас/давхардсан тоогоор/ хамаарал бүхий 14 албан тушаалтан буюу 34.1 хувь хамааралтай.
  • Нийслэлийн эрүүл мэндийн газар: Нийт 51 албан тушаалтан хамрагдсанаас/давхардсан тоогоор/ хамаарал бүхий 18 албан тушаалтан буюу 31 хувь хамааралтай.
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар: Нийт 34 албан тушаалтан хамрагдсанаас/давхардсан тоогоор/ хамаарал бүхий найм албан тушаалтан буюу 23.5 хувь хамааралтай.
  • Аймгийн эрүүл мэндийн төвүүд: Нийт 146 албан тушаалтан хамрагдсанаас/давхардсан тоогоор/ хамаарал бүхий 36 албан тушаалтан буюу 24.6 хувь хамааралтай.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн