Ерөнхийлөгч | 2 мин уншина

ЕТГ: Албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан алба хаагчдын ар гэрт 300 сая төгрөгийн өртөг бүхий орон сууц олгоно

ЕТГ: Албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан алба хаагчдын ар гэрт 300 сая төгрөгийн өртөг бүхий орон сууц олгоно
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан өргөн барьж байгаа талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дараах хэд хэдэн зүйлийг анхаарч ажиллаа.
-Цэргийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан бол түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоно. Хамгийн бага хүүхэд нь 18 на хүртэл цалинг нь олгоно.
-Амь насаа алдсан цэргийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй орон сууцыг төр нэг удаа үнэгүй олгоно. Орон сууцны үнэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5000 дахин нэмэгдүүлсэн байна. Энэ нь өнөөдрийн үнэ ханшаар 300 сая төгрөгийн өртөгтэй. /Цэргийн албан хаагч гэдэгт төрийн цэргийн байгууллагын бүх албан хаагч орно/
Энэ хууль батлагдвал төрийн цэргийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид үүрэг гүйцэтгэж яваад нас барвал 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэмж, 300 сая төгрөгийн өртөг бүхий орон сууц олгодог болно” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Энэ жил нас барсан алба хаагчдад энэ хууль үйлчлэх үү?
-Хууль буцаж үйлчилдэггүй. Тиймээс батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх ёстой. Гэхдээ одоо хүчин төгөлдөр байгаа хуулиудад зарим зохицуулалтууд байгаа. Тухайлбал, онцгой байдлын албанд ажиллаж байгаад амь насаа алдсан алба хаагчийн үндсэн цалинг 10 жилээр тооцон нэг удаагийн тэтгэмж олгож байгаа. Мөн нэмж нэг хүүхдэд цалингийн 50 хувиар, хоёр хүүхэдтэй бол 75, гурваас дээш хүүхэдтэй бол 100 хувь олгож байгаа. Шинэ хуулиар хүүхдийн тооноос үл хамаарч тэтгэмжийг олгоно.
Хамгаалах хэрэгсэл дутуугаас болж алба хаагч нас барвал яах вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажилладаг. Тиймээс зэвсэгт хүчний салбарын техник тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч сонгогдсоны дараа онцгой байдлын төсөв 42 хувиар нэмэгдсэн.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн