Улс төрийн намууд | 2 мин уншина

МАН Бага хурлаа, АН ҮБХ-ны хурлаа 23-нд хийнэ

МАН Бага хурлаа, АН ҮБХ-ны хурлаа 23-нд хийнэ
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 20
Сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 25-нд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлэх хуулийн хугацаатай. Тэгвэл МАН Бага хурлаа, АН Үндэсний бодлогын хорооны хурлаа энэ бямба гаригт буюу гуравдугаар сарын 23-нд хийж мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлахаар болжээ.
МАН-ын мөрийн хөтөлбөрийг энэ долоо хоногийн эхээр сайд нар хэлэлцэн зүйл бүрээр нь саналаа нэгтгэсэн бөгөөд Бага хурлаараа батлуулах юм байна. Мөрийн хөтөлбөрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад “Манай нам мөрийн хөтөлбөрөө боловсруулж дууссан. Нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг томоохон төрийн бус байгууллагуудаас саналыг нь авсан. Мөн МАН 2021 онд болсон намын Их хурлаараа 5 бүлэг 25 заалттай ирэх 100 жилийн намын пораграмаа баталсан. 5 бүлгийнхээ агуулгын хүрээнд бид мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Нэг ёсондоо бодлогын улс төрийн намын өөрийн бодлого зорилгодоо чиглэсэн мөрийн хөтөлбөрийг гаргаж тавина. Түүнээс цаг үеийн нөхцөлд тааруулаад популист агуулгатай мөрийн хөтөлбөр гаргаж тавих боломжгүй” гэлээ.
Харин АН-ын хувьд "Бүрэн ардчилал" хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл АН-ынхан мөрийн хөтөлбөр дээрээ нэгдсэн байр суурьд хүрч чадаагүй бөгөөд хоёр, гурван хувилбартай байгаа аж. Тиймээс ҮБХ-ны хурлаараа мөрийн хөтөлбөрөө эцэслэн батална.
Хоёр нам бямба гаригт болох хурлуудаараа мөрийн хөтөлбөрөөсөө гадна Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцэх гэнэ. МАН-ын генсек Д.Амарбаясгалан Говь-Алтай, Завхан, Ховд, Увс буюу баруун бүст нэр дэвшихээр сонгуулийн ажилдаа хэдийнээ орсон. Тиймээс сонгуулийн үед намын “гал тогоог” базах хүн нэр дэвших учраас шинэ генсек томилох асуудлыг хөндөж магадгүй гэнэ. Д.Амарбаясгалан найман жил МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд энэ хугацаанд тойрогт нэр дэвшилгүй, сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан. Харин энэ удаад тэрээр өөрөө нэр дэвших учраас сонгуулийн ерөнхий менежерээр ажиллахад ажил цалгардана гэж үзэж байгаа бололтой. Ер нь түүнийг ЗГХЭГ-ын даргаар томилогдсон цагаас эхлэн генсекийн ажлаа өгөх асуудал хөндөгдөж эхэлсэн. МАН-ын дүрэмд Ерөнхий нарийн бичгийн дарга давхар ажил алба хашихгүй гэсэн заалттай ч тэрээр 2022 оны наймдугаар сараас хойш хоёр албан тушаалыг давхар хашиж байгаа. Тиймээс ч энэ удаагийн Бага хурлаар МАН генсекээ солих, эсэх асуудлыг хэлэлцэх бололтой.
Харин АН-ын тухайд Э.Одбаярыг Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр өнгөрсөн арваннэгдүгээр сард томилсон. Тиймээс түүнийг жинхлэх, эсэхийг ҮБХ-ны хурлаараа хэлэлцэх аж. Гэхдээ нам дотроо Э.Одбаярыг генсекээр жинхлэхгүй харин ч өөрчлөх асуудлыг хөндөж байгаа аж.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн