Чадлаа | 5 мин уншина

“Харүмафүжи сүүний ферм” үр ашигтай мал аж ахуйн эхлэлийг тавьж ЧАДЛАА

“Харүмафүжи сүүний ферм” үр ашигтай мал аж ахуйн эхлэлийг тавьж ЧАДЛАА
Сүмо бөхийн домогт ёкозүна Асахифүжи 2000 онд Монгол Улсад ирэхдээ өөрийн Исэгахама дэвжээ буюу тухайн үеийн Ажигава дэвжээнд гурван монгол хүүхдийг шалгаж авсны нэг нь 16 настай Д.Бямбадорж байв. Ингэж мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжигийн тамирчны замнал эхэлсэн түүхтэй. Ихэнх үзэгч түүний зөвхөн ялалт, амжилт, рекордыг л хардаг. Гэхдээ үргэлж өөрөөсөө хүчтэй, том өрсөлдөгчидтэй зодоглож, олон хүнд бэртлийг даван гарч сүмогийн ертөнцийн оргилд хүрсэн түүний замнал юу ч үгүй тэгээс эхэлж байв. Тэрээр анх сүмод “стандарт бус” жижиг биетэй гэж дутуу үнэлэгдсэн ч хичээл зүтгэлээрээ өөрийн дайчин, хурц барилдааны арга барилаа бүтээж, сүмод хувьсгал хийсэн нэгэн билээ.  
Гэвч Харүмафүжи 2018 онд харамсалтайгаар зодог тайлж, тамирчны замналаа өндөрлүүлснээр энгийн иргэний амьдралыг мөн тэгээс эхэлсэн. Тэр өнгөрсөн хугацаанд “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг үүсгэн байгуулжээ. Тэрээр сургуулийнхаа нээлтэд хэлсэн үгэндээ шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран бий болгосон “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиас тун удахгүй дэлхийд Монголын нэрийг цуурайтуулах төгсөгчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байв.
undefined
Тэрээр ийнхүү боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийн ажиллахдаа сурагчид чихэр, шоколад, хийжүүлсэн ундаа зэрэг сахар агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэж байгаа нь ирээдүйд эрүүл мэндийн ноцтой асуудлууд үүсгэх эрсдэлтэй байгааг анзаарсан байна. Улмаар өглөө бүр чанартай, шинэ бүтээгдэхүүнээр сурагчдын сүүний хэрэглээг хангах зорилгоор сүүний чиглэлийн үхрийн цогц ферм байгуулахаар дахин тэгээс эхлээд байгаа аж. Манай сурвалжлах баг сар шинийн өмнө Харүмафүжи аваргын шинэхэн фермээр зочилж, үйл ажиллагааг нь сурвалжиллаа.   
quote photo
Хүн өөрийгөө байнга эвдэж байх нь чухал. Би зөв гэж харсан зүйлээ ямар ч эргэлзээгүй сурч, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Хүн “Би болж байна” гэж бодож эхлэх цагаас хөгжихөө больдог. Жишээ нь, “Би сүмогийн аварга байсан. Би бүгдийг чаддаг, мэднэ” гэдэг хандлага гаргавал би хэзээ ч урагшаа явж чадахгүй. Зөв зүйл дээр хүний үгийг сонсдог байх ёстой. Бас хүн буруу замаар алхаж байгаагаа мэдвэл шууд хаяж чаддаг, өөрийгөө эвдэж чаддаг байх нь чухал гэж боддог.       
Харүмафүжи Д.Бямбадорж
Харүмафүжи аварга өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв аймгийн Баянхангай суманд хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэ шиш, судан өвс тариалах ажлаас аж ахуйгаа эхэлжээ. Аж ахуйн талаар тун бага ойлголттой эхэлсэн тэрээр мэргэжлийн хүмүүсийн заавраар бүхнийг ном журмын дагуу хийж, сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоос бүрэн хангадаг, жишиг болохуйц цогц ферм хөгжүүлэхийг зорьж байгаа аж. Агрономичдын заавраар эхлээд тариалангийн талбайгаа нөхөн сэргээж, малын хоол зүйчдийн зөвлөснөөр үхэрт хамгийн шим тэжээлтэй эрдэнэ шиш, судан өвс тариалжээ. Үхрийн баасыг хуримтлуулж, бордоо болгон ашигладаг буюу уг ферм нь огт хог хаягдалгүй, эко эрчимжсэн мал аж ахуй аж.
Аваргын фермид зочлоход шинээр нь хуйлж, хураасан тэрхүү ургац хамгийн түрүүнд анхаарал татсан юм. Энэ ферм “стрессгүй, эрүүл үхэрнээс эрүүл, чанартай сүү гарна. Сурагчид өдөр бүр чанартай, шинэ сүү ууснаар эрүүл чийрэг өсөж, хүмүүжнэ” гэх маш энгийн философитой. Тиймээс чанартай тэжээлийг амин дэм, ашигтай бактеритэй хольж, үхэр идэхэд шингэц сайтай, хурдан боловсрохуйц болгон тээрэмддэг байна. Одоогоор Францын сүүний чиглэлийн 60 гаруй Монбельярд үүлдэрийн үхэртэй. Өөрийн туглаа бойжуулж ойрын ирээдүйд 200 үнээтэй болохыг зорьж байгаа аж. Нэг үнээнээс өдөрт 35-40 литр сүү саах боломжтой. Үнээг саахын өмнө дэлэнг нь угааж, ариутгадаг. Хэрэглэсэн усаа дахин боловсруулж, тариалангийн талбайн усалгаа, аж ахуйн цэвэрлэгээнд ашигладаг гэв. Үхэр бүрт суулгасан чипний тусламжтай тэдний эрүүл мэндийн байдал, стресс, сүүний гарц, үр ашигтай байдлыг хянадаг.   
undefined
Гол хэсэг болох Израилын дэлхийд тэргүүлэгч “Afimilk” компанийн автомат сүү саагч тоног төхөөрөмжөөр үнээгээ сааж, сүүг агаарт огт урвалд оруулахгүй вакумжсан хоолойгоор дамжуулан Япон технологийн дагуу “фэрмийн” аргаар боловсруулж, сурагчдын өглөөний цай, үдийн хоолонд очих байдлаар шууд савлаж, тээвэрлэдэг байна.
Ихэнх үйлдвэр сүүг 130-аас дээш хэмд буцалгаж болгодог. Энэ нь нэг талдаа олон малчны хотноос цуглуулсан буюу гарал үүсэл нь төдийлөн тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй сүүг ариутгаж буй хэлбэр юм. Гэвч ийм өндөр хэмд буцалгах үед сүүнд агуулагдах хүний биед ашигтай бодисууд давхар үхдэг байна. Харин “фэрмийн” аргаар  сүүг 70 хэмд халааж хагас түүхий байдлаар боловсруулдаг. Хэдий  хагас түүхий боловч “фэрмийн” аргаар боловсруулсан сүүг сүү, сүүн бүтээгдэхүүний харшилтай хүн ч шууд ууж, хэрэглэх боломжтой.
undefined
Бид хурдан амжилтад хүрч, үр ашгаа хурдан хүртэх гэж яардаг. Аливаа шинэ зүйл хамгийн багадаа 5 жил болж байж тогтворждог. Хүмүүс өнөөдөр хөрөнгө оруулсан 1000 төгрөгөө маргааш гэхэд 1500 төгрөг болгож, ашиг олох гэж яардаг нь алдаа болдог.
Харүмафүжи Д.Бямбадорж
Фермд нийт дөрвөн хүн ажилладаг бөгөөд ая тухтай байдлыг бүрэн хангах боловсон ариун цэврийн өрөө, халаалт, интернэт, бусад холбоо хэрэгсэл бүхий ажилчдын тохилог орон сууцыг давхар шийдсэн байна. Үхрийн тэжээл, тариалангийн усалгаа, бордоо, үнээ саах, сүү боловсруулах дамжлаг болон бусад ажлуудыг автоматжуулснаар ийнхүү цөөн хүчээр үр ашигтай ажиллах боломж бүрджээ. Тиймдээ ч одоогоор зах зээлд борлуулагдаж байгаа бусад сүүнээс илүү хямд үнээр бүтээгдэхүүнээ гаргадаг байна. Одоогоор зөвхөн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуульд сүүгээ нийлүүлдэг. Цаашид үйлдвэрлэлээ тэлж бусад сургуульд сүү, тараг нийлүүлэхийг зорьж байгаа бөгөөд “фэрмийн” аргаар боловсруулсан сүүний цөцгийгөөр Японд алдартай бялууны крем үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.        
Хамгийн чухал нь, тэрээр хэрэв залуус нэгдэж, хамтдаа хийж чадвал 150 ийм ферм бий болоход Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангах боломжтой гэх судалгааг хийжээ.
Харүмафүжи аварга Япон, Монгол болон гаднын бусад орны маш олон мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, хамгийн шилдэг технологи, арга барилгыг монгол инженерүүдийн ур ухаантай хослуулан богино хугацаанд уг фермийг бий болгожээ. Тэрээр залууст хандан малчин өв соёлоо хадгалахын зэрэгцээ, үнэ цэн шингэсэн тогтвортой фермын аж ахуй эрхлэхийг уриалсан. Мөн зорьж ирсэн хэн бүхэнд өөрийн алдсан, оносон туршлагаа хуваалцахад үргэлж бэлэн гэсэн юм.
Монгол Улсад эрчимжсэн мал аж ахуй өндөр хөгжиж, том зах зээл бий болох боломжтой. Бид өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна.
Харүмафүжи Д.Бямбадорж
Түүний хувьд ферм эрхлэхэд Монголын өвлийн хүйтэн цаг уур хамгийн хүнд бэрхшээл болж байгаа аж. Мөн фермийн агааржуулах систем, үхэрийн баас хусагч автомат механизм, ус дахин боловсруулах систем, автомат үнээний саалтуур, хяналтын систем, цехийн тоног төхөөрөмж болон бусад тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь гаднын улсаас худалдан авч байгаа нь хүндрэлтэй. Гадагшаа валют урсгаж байгаад сэтгэл эмзэглэж байгаагаа хуучилж байв. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйн салбарт гаднын тоног төхөөрөмжийг орлохуйц технологи, инновац нэвтрүүлэх зорилготой залуустай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа дуулгасан юм. Түүний хувьд хамгийн түрүүнд үхэрийн тэжээл тараах процессыг автоматжуулах, тариалангийн талбайн үрсэлгээний “GPS” систем хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд монгол инженерүүд үхэр хариулах “IoT” технологийг ч хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байдаг аж.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн