Технологи | 2 мин уншина

Монголын технологийн компаниуд Цахиурын хөндийд "үүрээ заслаа"

Монголын технологийн компаниуд Цахиурын хөндийд "үүрээ заслаа"
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 2
Монголын технологийн салбарын тэргүүлэгч найман компани дэлхийн технологийн төв буюу Цахиурын хөндийд "үүрээ заслаа".
Тодруулбал, Монголын технологийн салбарын тэргүүлэгч Mezorn, ICT Group, Intelmind, Gerege Systems, ONDO болон Fibo global, TESO Investment, Gund Investment зэрэг найман компани АНУ-ын Калифорни мужийн Пало Алто дахь "Silkroad Innovation Hub"-д байрлахаар болж байна. Цахиурын хөндий нь жилдээ 600 тэрбум ам.доллар эргэлдүүлж, 105 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татдаг дэлхийн технологи, бизнесийн төв билээ.
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өнгөрсөн онд Казахстан улсын Алмата хотноо болсон Төв Азийн улс орнуудын мэдээллийн технологийн сайд нарын уулзалтад оролцох үеэрээ бүс нутгийн орнууд хамтран технологийн компаниудаа нэгдсэн бодлогоор Цахиурын хөндийд бойжуулж, АНУ-ын зах зээлд хөлөө олоход туслах төв байгуулах санаачилга гаргаж байв.
Улмаар Төв Азийн таван улс болон Монгол, Турк, Азербайжаны технологийн компаниудыг бойжуулах зорилготой "Silkroad Innovation Hub" нь 2023 оны есдүгээр сард үүсгэн байгуулагдсан. Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал АНУ-д хийж буй айлчлалаар Монголын дээрх найман компани Цахиурын хөндийн экосистемд нэгдэж, олон улсын зах зээлд гарах томоохон алхам хийсэн байна.
"Silkroad Innovation Hub" буюу Торгоны замын инновацын төв нь энэ онд 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож, стартап компаниудад хөрөнгө оруулалт хийх бөгөөд ирэх долоон жилийн хугацаанд бүс нутгаасаа нэг тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий таван "unicorn" компани бий болгох зорилготой.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн