Соёл, урлаг | 2 мин уншина

Дэлхийн үзэгчид О.Энх-Эрдэнийн англи хэлтэй, хэлгүйгээс илүү хоолойны өнгө, сэтгэл татам байдлыг онцолжээ

Дэлхийн үзэгчид О.Энх-Эрдэнийн англи хэлтэй, хэлгүйгээс илүү хоолойны өнгө, сэтгэл татам байдлыг онцолжээ
Нийтэлсэн 2024 оны 1 сарын 19
Mongolia's Got Talent” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын “NBC” телевизээс шинэ форматаар зохион байгуулж буй “America's Got Talent: Fantasy League” шоунд каунтри дуучин “Garth Brooks”-ын “Friends in Low Places” дуугаар оролцож дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан.
Гэтэл Монголын зарим үзэгч шоунд орчуулагчтай оролцсон түүнийг “англи хэл сурах шаардлагатай” гэх шүүмжлэлийг цахим орчинд илэрхийлсэн. Нөгөө талд, О.Энх-Эрдэнэ англи хэлээр чөлөөтэй ярьдаг. “America's Got Talent: Fantasy League”-ын продюсерүүд үзэгчдийг татах зорилгоор алс холын Монгол Улсын оролцогчийг зориуд орчуулагчтай шоунд оролцуулсан гэх мэдээллийг түүний ойрын хүрээллийн хүмүүс мэдээлсэн байна. Тэгвэл дэлхий даяар “America's Got Talent: Fantasy League” шоуг үзэж байгаа үзэгчдэд түүний англи хэлний мэдлэг огт сонин байсангүй. Тэр талаар монголчууд шиг өргөн хэлэлцүүлэг ч өрнүүлсэнгүй.
“America's Got Talent” шоуны албан ёсны “YouTube” сувагт байршуулсан түүний үзүүлбэрийн доор “О.Энх-Эрдэнэ алтан баззер бус очир эрдэнийн баззер хүртэх ёстой”, “Түүнийг дуулж эхлэх мөчид яаж гайхширснаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Үнэхээр гайхалтай байлаа”, “Тэр америкийн каунтри дуучдаас ч илүү дууллаа”, “Хэдий би каунтри дууны шүтэн бишрэгч биш ч түүний хоолой донтуулмаар, үнэхээр сэтгэл татам байлаа” гэх сэтгэгдлүүдийг илэрхийлсэнд олон үзэгч дэмжсэн хариу үйлдлүүд үзүүлжээ.
Мөн түүний хагас шигшээд үзүүлэх үзүүлбэрийг тэсэн ядан хүлээж байгааг олон хүн илэрхийлсэн байна. Тухайлбал, АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон "Epic Top Treding", "React To The World" зэрэг сувгууд О.Энх-Эрдэнийн үзүүлбэрийг онцолж, жирийн монгол хүү америкийн шоу ертөнцийн хамгийн том тайзуудын нэгээс дуу хоолойгоо харуулсан түүхийг онцолжээ. “America's Got Talent: Fantasy League” хагас шигшээ шат нэгдүгээр сарын 29, хоёрдугаар сарын 5-нд тус тус гарна.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн