Төсөв | 2 мин уншина

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 оны төсөв Х.Баттулгын дөрвөн жилд зарцуулсан төсвөөс ч өндөр байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 оны төсөв Х.Баттулгын дөрвөн жилд зарцуулсан төсвөөс ч өндөр байна
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 31
УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна.
Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт 29.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ийнхүү сүүлийн гурван жилийн дотор огцом өссөн Ерөнхийлөгчийн төсөв ирэх онд мөн л том дүнгээр өсөхөөр байна.
Тухайлбал, У.Хүрэлсүх төрийн тэргүүнээр сонгогдсон 2021 онд Ерөнхийлөгчийн төсөв 13.2 тэрбум төгрөг болж өмнөх оноос хоёр дахин өссөн. Энэ тоо сүүлийн хоёр жилд хоёр дахин өсөөд байгаа юм. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд Ерөнхийлөгчийн төсөв 3.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, энэ оныхоос 10.4 хувиар өсөхөөр байна.
Хэрэв 2013 оноос хойшхи төрийн тэргүүн нарын төсвийг харьцуулбал өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 59.5 тэрбум төгрөгийн төсөв зарцуулсан нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын найман жилд зарцуулсан төсвөөс өндөр байгаа юм. Харин ирэх оны төсвийг нэмж тооцвол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхний дөрвөн жилийн төсөв 89.2 тэрбум төгрөг болж өмнөх хоёр төрийн тэргүүний нийт найман жилийн бүрэн эрхийн хугацаанд зарцуулсан төсвөөс 1.7 дахин өндөр болох аж.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвхөн 2024 оны төсөв нь өмнөх төрийн тэргүүн Х.Баттулгын 4 жилд зарцуулсан төсвөөс өндөр байна.
Сонирхолтой нь, 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газарт хөрөнгө оруулалт огт тусгаагүй. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсөвт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод, Хүнсний аюулгүй байдал, Эрүүл Монгол зэрэг үндэсний хэмжээний хөдөлгөөний санхүүжилтийг хөрөнгө оруулалтад тухайлан тусгаагүй. Тиймээс дээрх 29.7 тэрбум төгрөг нь зөвхөн Ерөнхийлөгчийн урсгал зардал юм.
Ерөнхийлөгчийн ирэх оны төсвийг задалбал:
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв – 17.04 тэрбум төгрөг
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв – 6.7 тэрбум төгрөг
  • Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны төсөв – 439.4 сая төгрөг
  • МОНЦАМЭ агентлагийн төсөв – 5.51 тэрбум төгрөг байна.
Түүнчлэн ирэх оны төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч асан таван хүнд хуулийн дагуу олгох цалинд 263.8 сая төгрөг олгохоор төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарт энэ онд тус бүр 52.7 сая төгрөг буюу сард 4.4 сая төгрөгийн цалин олгох аж.     
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook@MillionBat-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн