Дэлхийн монгол | 7 мин уншина

А зэрэглэлийн кино наадмын шинэ од П.Лхагвадулам: Хүлээлтээс давсан уран бүтээл хийнэ

А зэрэглэлийн кино наадмын шинэ од П.Лхагвадулам: Хүлээлтээс давсан уран бүтээл хийнэ
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 16
Салхи гэдэг зүйл монголчуудад их тайвшрал, тайтгарал өгдөг юм шиг. Тэр ч утгаараа "Монголын үнэртэй салхи", "Нэр үгүй салхи" гээд олон дуу хүн бүрийн сэтгэл зүрхэнд ойр бий. Тэгвэл дэлхийд салхилсан нэгэн салхины эзэнг ДЭЛХИЙН МОНГОЛ булангийнхаа ээлжид зочноор урилаа. Энэ салхины эзэн бол П.Лхагвадулам.
П.Лхагвадулам нь Туркийн Докуз Эйлүлийн их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгсөж, Лиссабоны их сургуульд магистрын зэргээ хамгаалсан. Одоо Португалийн Лусофона их сургуульд кино зохиолын чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.
Зохиолч, найруулагч П.Лхагвадулам нь "Шилүүс" богино хэмжээний киногоор кино ертөнцөд хөл тавьжээ. 2020 онд бүтээсэн тэрхүү киногоороо Канн, Торонтогийн кино наадамд шалгарч байсан удаатай. Дараа нь 2022 онд "Есдүгээр сарын цас" хэмээх богино хэмжээний киног бүтээж, Венецийн кино наадамд шилдэг богино хэмжээний киногоор шалгарч "Алтан арслан"-гийн эзэн болсон. Ийнхүү Монголын кино анх удаа дэлхийн кино урлагийн "Их тав"-д шилдгээр шалгарсан билээ. Түүнийг "Screendaily" сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэсэн байна.
Тайлбар: Италийн Венеци, Францын Канн, Германы Берлин, АНУ-ын Санданс, Канадын Торонтогийн кино наадам нь дэлхийн кино урлагт хамгийн нөлөөтэй, нэр хүндтэй “Их тав” юм.
Тайлбар: Италийн Венеци, Францын Канн, Германы Берлин, АНУ-ын Санданс, Канадын Торонтогийн кино наадам нь дэлхийн кино урлагт хамгийн нөлөөтэй, нэр хүндтэй “Их тав” юм.
Богино хэмжээний киногоор дэбютээ хийж, кино сонирхогчдын хүлээлтийг үүсгээд байсан П.Лхагвадуламын дараагийн бүтээл нь "Сэр сэр салхи" бүрэн хэмжээний уран сайхны кино байлаа. Тус киног найруулагч Венецийн кино наадамд нээсэн бөгөөд кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан. Мөн киноны гол дүрд тоглосон Б.Тэргэл Венецийн Оризонти хэсгийн шилдэг жүжигчнээр шалгарч, "Алтан арслан" өргөсөн билээ.
Уг кино нь Улаанбаатар кино наадмын нээлтийн үзвэрээр нэрлэгдэж, энэ сарын 20-оос кино театруудаар гарах гэж байна. Ингээд П.Лхагвадуламтай ярилцсанаа хүргэе.
-"Шилүүс" киног бүтээснээсээ хойш дэлхийн томоохон кино наадмуудад амжилт үзүүллээ. "Сэр сэр салхи" УСК таны анхны бүрэн хэмжээний кино. Та кино бүрээрээ "Их тав"-д шалгарч, амжилт үзүүлсэн учраас үзэгчид таны киноноос өндөр хүлээлттэй байх шиг байна. Танд ямар мэдрэмж төрж байна вэ?
-Тийм ээ. Үзэгчид их хүлээлттэй байгааг би ч бас мэдэрч, догдолж байна. Тодорхой хэмжээгээр хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас ч байна. Миний хувьд өмнө нь богино хэмжээний кинонуудаа олон улсын наадамд үзүүлээд дараа нь Монголдоо гаргадаг. Энэ үед юу мэдэрсэн бэ гэхээр олон улсад кино гаргаж, олон улсын үзэгчидтэй хамт суугаад киногоо үзэх маш хэцүү. Хүмүүсийн үзэж байгаа ч юм уу, тухайн сцен дээр инээж байгааг нь мэдрээд байдаг. "Есдүгээр сарын цас" киног Улаанбаатар кино наадмаар монгол үзэгчидтэйгээ хамт суугаад үзэхэд маш тайван мэдрэмж авч байсан. Өмнө нь бол кино таалагдаж байгаа болов уу гээд л хамаг өөг нь олж хараад л, өөрийгөө шүүмжилж үздэг бол монголчуудтайгаа үзэхэд тайван, сайхан үздэг. Миний киноны жинхэнэ утга нь одоо л гарч байгаа юм шиг санагддаг. "Сэр сэр салхи" киногоороо удахгүй үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Сайхан байх байхаа л гэж хүлээж байна даа. Үзэгчдэдээ хэлэхэд, киног минь бясалгаж үзээрэй л гэе. Нэр нь хүртэл "Сэр сэр салхи" гээд сэвэлзсэн, зөөлөн. Киногоо үзэхдээ яг л салхи шиг сэвэлзсэн, зөөлөн энергээр үзээрэй.
-Таны хувьд кинонуудаа дэлхийн томоохон кино наадмуудад танилцуулаад дараа нь Монголдоо авчирдаг шүү дээ. Яагаад вэ?
-Киногоо сорьж байгаа л хэрэг юм. Тэрнээс биш эхлээд гадаадын кино наадамд гаргана дараа нь Монголдоо гаргана гэсэн зүйл байхгүй. Энэ бол монгол кино бас дэлхийн кино. Дэлхийн кино учраас дэлхийдээ өрсөлдөж үзье гэж боддог.
Венецийн кино наадмаар
Венецийн кино наадмаар
-Гадаадын үзэгчид монгол кино гэхээр ямар төсөөлөлтэй байдаг юм бол. Энэхүү киног үзээд бас ямар сэтгэгдэл илэрхийлсэн бэ?
-Монгол кино гэхээр морь, тал нутаг, монгол гэр төсөөлдөг юм билээ. Энэ киноны үйл явдал Улаанбаатар хотод өрнөж байгаа гэхээр хүмүүс төсөөлж чадахгүй, Улаанбаатар хотыг мэдэхгүй, Монголын орчин үеийн амьдралыг мэдэхгүй байсан. Би киногоо хийхдээ дэлхийн үзэгчдийг бодож, тэд үзнэ гэж бодож хийдэггүй. Би дандаа монгол үзэгчдээ бодож хийдэг.
Гадаад үзэгчид киног минь маш сайхнаар хүлээж авсан. Кино үзсэний дараа бөөгийн тухай, Улаанбаатар хотын тухай их асууж байсан.
-Та ер нь киногоо бүтээхдээ юу боддог вэ, таны ялгарал юунд байдаг гэж бодож байна вэ?
-Кино гэдэг уран зохиолоор, үгээр тайлбарлаж боломгүй зүйлийг илэрхийлэхийн тулд л байдаг гэж боддог. Бас холилдсон зүйлийг илэрхийлдэг. Хайр дурлал яваад байгаа мөртлөө хажуугаар нь үзэн ядалт ч бий. Зөвхөн энэ гээд тодорхойлчих боломжгүй мэдрэмжүүдийг киногоороо дамжуулан гаргахыг хичээдэг.
Жишээлбэл, "Шилүүс" киноны гол дүрийн охин бол олон мэдрэмжид баригдаж, өөрийгөө илэрхийлж чадахгүй, өөрийнхөө дотор болж буй мэдрэмжүүдийг ойлгохгүй охины тухай. "Есдүгээр сарын цас" кино бол мөн л юу болоод байгааг ойлгохгүй байгаа өсвөр насныхны тухай. "Сэр сэр салхи" шилжилтийн нас, хүүхдээс том хүн болж хувирч байгаа хувиралтыг. Хүүхэд зүгээр байж байгаад л нэг өдөр унтаад сэрэхэд том хүн болчихдоггүй шүү дээ. Тухайн хүнд төрсөн ийм гэж илэрхийлэхийн аргагүй мэдрэмжийг илэрхийлэхийг зорьсон.
-Дүрийн шалгаруулалтыг хэрхэн хийсэн бэ, гол дүр болох "Зэ", "Маралаа" хоёр бол шинэ жүжигчид байсан шүү дээ?
-Гол дүрийн сонгон шалгаруулалт хоёр жилийн турш өрнөсөн. Гол дүрийн "Зэ"-ийн хувьд бол ЕБС-ийн сурагч. Би арван жилдээ бүрэг ичимхий, их эв хавгүй хүүхэд байсан. Гол дүрээ яг тийм л байгаасай гэж хүссэн. Өсвөр насны хүүхдүүд яг тийм л байдаг даа гэсэн дүр бол "Зэ". Нүүрэн дээр нь юм гарчихсан, хүүхэд мөртлөө өсгөлүүн том биетэй. Тиймээс гол дүрээ хайж байхдаа хүүхэд шинжийг хайж байсан. Мөр тэрний хажуугаар бөө, олон хариуцлага үүрч явдаг хүний хувьд бас ч тийм гэнэн тэнэг хүүхэд байгаад байж болохгүй. Энэ хоёр эрс тэрс агуулгыг тээж байсан хүнийг хайхад хэцүү байсан. Нүд рүү нь харахаар олон зүйл мэдрэхээр тийм гүн илэрхийлэмж. Киногоо үзвэл намайг ямар хүн хайж байсныг ойлгох байх аа.
"Маралаа"-ийн хувьд олон жил өвчтэй явсан, өвчнөөсөө болж ганцаардмал болсон дүр. Айлын ганц охин гэдэг утгаараа жаахан эрх, дураараа, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг нэгэн. "Зэ"-ийн зан чанарын яг эсрэг нь.
-"Сэр сэр салхи" өсвөр настнуудын хайрын тухай кино юу?
-Тийм. Өсвөр настнуудын хайр дурлалаар орчин үеийн Улаанбаатарын орон зай, цаг үеийг баримтжуулах гэсэн хувийн оролдлого.
-Кино зохиолыг хаанаас сэдэвлэсэн бэ?
-2016 онд би юу хийхээ мэдэхгүй, залуу насны төөрөгдөл байдаг даа тийм болчихсон явж байлаа. Тэр үед ээж минь намайг бөөд үзүүлсэн. Би яагаад ч юм цагаас нь хоцорч очоод ээжийг хүлээгээд сууж байв. Тэгтэл миний хажууд 18-19 насны гэмээр юм уу гараараа дүүрэн шивээстэй, чихэндээ ээмэгтэй, гар утсаараа тоглоом тоглосон хүү хажууд ирж суусан. Тэр маш "Күүл" залуу байсан. Намайг ерөөсөө тоогоогүй. Би ийм хүн ерөөсөө харагдаагүй дээ гэж бодсон. Тэгээд гэрээс гарч байтал манай ээж "Чи тэр хүүг харсан уу, тэр чинь нөгөө бөө шүү дээ" гээд хэлсэн. Тэр үед л энэ киноны сэдэв нь бууж ирсэн л дээ. Тэр залууг хараад би өөрийгөө ойлгох шиг болсон. Монгол залуус олон зүйлийг үүрч явдаг юм шиг санагдаж билээ. Нэг талдаа уламжлал, соёлоо, нөгөө талдаа орчин үеээ авч явах. Энэ бүх мэдрэмжийн ачааллыг киногоороо илэрхийлэхийг зорьсон.
"Tradition vs Modernity" гэдэг сэдэв бол барууныхны их сонирхдог сэдэв л дээ. Би энэ кино бол өв соёл, өнгөрсөн цаг үе одоо үетэйгээ тэрсэлдээд байгааг илэрхийлээгүй гэдгийг хэлдэг. Харин ч монгол залуус үүнийг хэрхэн эн тэнцүү үүрч авч явдаг вэ гэдгийг харуулна. Хүмүүс киноноос зөрчил хайдаг. Гэхдээ энэ кино зөрчил дээр суурилсан биш.
-Тус кино их олон орноос хөрөнгө татаж бүтсэн юм билээ. Киноны хөрөнгө оруулалтын талаар яривал?
-Монгол талаас бол "Гуру медиа", "VOO"-ийнхэн дэмжсэн. Ялангуяа, "VOO"-ийнхэн манай зохиолтой долоо хоногийн дотор танилцаад л дэмжинэ гэдгээ илэрхийлсэн маш чухал санхүүжилт байсан шүү гэдгийг энэ дашрамд хэлье. Бид Европын кино сангууд руу кино төслөө явуулж, өрсөлдөж, шалгарснаар дэмжлэг авч чадсан. Франц, Португал улсуудын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн тэтгэлэг болон Берлин, Локарно, Доха, Роттердам ба Торино зэрэг олон улсын кино наадмын дэргэдэх сангууд болон Францын "АРТЕ ТВ" сувгийн дэмжлэгийг авсан. Мөн Монголын кино урлагийн зөвлөл, Кино урлагийг дэмжих сангаас дэмжлэг авсан.
-Монголчууд кино урлагийн салбарт хөрөнгө оруулалт татаж чадах болов уу?
-Миний бодлоор Монгол руу анхаарал төвлөрч байгаа юм шиг санагддаг. Тэгж ч мэдрэгддэг. Сүүлийн үед олон улсын кино наадмуудад өрсөлдөж байгаа кинонуудад кино шүүмжлэгчид ам сайтай байгаа. Ялангуяа кино наадмуудад оролцоод яваад байхаар тодорхой хүлээлт үүсдэг юм билээ. Монголоос ирэх дараагийн кино ямар байх бол оо гээд. Миний бодлоор бол хүлээлт их байна, тэр хүлээлтэд нийцсэн, хүлээлтийг давсан кино хийж чадах эсэх нь бидний асуудал юм. Бидэнд боломж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн